Н.Номтойбаярыг хорьсон ноцгүй шалтгаан
2021-01-21 12:45
Гэрэл зургийг MPA.mn

 

“Мөрдөгчийг дарамталсан” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр /2020.05.28/  гаргаж шүүгч алхаа тогшиход тэр инээж байв. Дараа нь /2020.07.08/ 5.5 жилийн хорих ял сонсгоход ч түүний төрхөнд өнөө л хэнэггүй мушилзалт хэвээр байсан. Энэ шазруун мушилзалт магад өнөөдөр ч хэвээр биз. Тэр ингэж инээсээр “би хууль зөрчөөгүй” хэмээн байцаагчид, мөрдөгчид, шүүгчид ч мэдүүлсээр байлаа. Түүнийг буруутгасан шалтгааныг хаа нэгтээх хөдөө сумын засаг даргаар орлуулан тайлбарлах гээд үзье. Бас түүнийг Баяраа гэж нэрлэе.

 

Баяраа иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг олгов. Энэ дэмжлэгийг Баяраа анхлан санаачилж, ганцаар зүтгэсээр толгой мэдээд шийдчихээгүй, урьдаас жил бүр олгосоор ирсэн. Харин Баяраа урьдын журамд зааснаар 50 хувь биш. Харин 100 хувь эргэн төлөгдөх, хүү тооцохгүй, барьцаа, батлан даалттай байх шинэ нөхцөлийг журамд тодорхой заасан хэм хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэв. Хяналт тавих үүргийг сургуулийн багш, сумын эмчид даалгав.

 

Тэд бол зөвлөл. Энэ зөвлөл хөдөлмөр эрхлэлтийн бодлого тодорхойлох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөв, түүнээс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хувиарь батлах зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд зөвшилцөж, ХАМТЫН шийдвэр гаргадаг байгууллага юм. Зөвлөлөөс орон нутгийн зорилтот төсөлд санхүүгийн дэмжлэг хэлбэрээр 30 сая төгрөгийг олгохоор болж, талууд дэмжсэнээр нэгж төсөлд олгох дээд хязгаарыг 2 сая төгрөг байхаар тогтов.

 

Сонгон шалгаруулалт шударга явагдсан. Гарын дүйтэй Батаа гутал засвартай, талхчин Нараа нарийн боовны цехтэй зэргээр нийт 15 аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг очив. Батаа, Нараа нарын бизнес өнөөдөр ч өргөжин дэвжсээр нутгийн олон иргэн ажлын байраар хангагдаад байна.  

Гэтэл гэнэтхэн засаг дарга Баярааг “бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж нүд ирмэх зуурт Эрүүгийн Хуулийн 22-р зүйлийн 22.1.3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 5 жил 5 сар  хорих ял оноов. Энэ бол Баяраад оноосон ял. Угтаа Н.Номтойбаярыг хорьсон үндэслэлийг энгийнчилбэл энэ.

 

Н.Номтойбаярыг хорьсон шалтгаан:

 

1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа, “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан”

 

2."Санхүүгийн дэмжлэг”-ийг “банкаар дамжуулж, хүү тооцоогүй”

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоёр аргаар санхүүжилт олгодог. Зээлийг банкаар дамжуулж, хүү тооцдог журамтай. Харин санхүүгийн дэмжлэгийг тусгай журмаар банкаар дамждаггүй, хүү тооцдоггүй. Гэтэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон санхүүгийн дэмжлэгийг “жижиг зээл”-тэй холбож Н.Номтойбаярыг буруутан болгов.

 

Угтаа:

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө нь УИХ-аас жил бүр баталдаг улсын төсвийн тухай хуульд тусгагддаг бөгөөд аж ахуйн нэгж, иргэдэд нэгдүгээрт, Засгийн Газрын 276-р тогтоолоор батлагдсан журмын “ЖИЖИГ ЗЭЭЛ”- д хамаарах 2-р бүлгийн дагуу 100% эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр арилжааны банкаар дамжуулан хүү тооцож, хоёрдугаарт, мөн журмын “САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ”-т хамаарах 5-р бүлгийн дагуу 50%-иас доошгүйг эргэн төлөх ба нөхцлийг хэрхэн тогтоохыг тус бүлгийн 5.1, 5.2 заалтуудыг удирдлага болгон үндэсний зөвлөл шийдвэрлэдэг.

 

Улмаар 2017 оны улсын Төсвийн тухай хуульд жижиг зээл олголтод 20 тэрбум, Зөвлөлийн шийдвэрлэсэн 2017 оны төсвийн хувиарьт “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөл”-д санхүүгийн дэмжлэг болох 3.9 тэрбум төгрөг тус тус тусгагджээ.

 

Үүний дагуу Н.Номтойбаяраар даргалуулсан Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь 3.9 тэрбумын санхүүгийн дэмжлэгийг олгохдоо нэгж төсөлд олгох дээд хязгаарыг Засгийн газар санал болгож хамтрагч талууд дэмжсэнээр 200 сая төгрөгөөр тогтоож, журамд зааснаар 50% биш 100% эргэн төлөгдөх, хүү тооцохгүй, барьцаа, батлан даалттай байх шинэ нөхцөлийг журамд тодорхой заасан хэм хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэж хяналт тавих үүргийг ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт, хэрэгжүүлэхийг ХНХЯ-ны харъяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваад тус тус даалгасан байна.

 

Үүнийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаад санхүүгийн дэмжлэгийг олгосон хувийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, иргэдийн нийт 29 төсөлд хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан хамааралгүй, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулаагүй болохыг тогтоосон. Одоо ч энэ мөнгө сохор зоосны хорогдолгүй төрийн мэдэлд байгаа. Н.Номтойбаяраас хойшхи Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга С.Чинзоригийн үед ч энэ санхүүгийн дэмжлэгийг адилхан хууль, журмын зүйл заалтыг удирдлага болгон 2018, 2019, 2020 онуудад шийдвэр гарган амжилттай хэрэгжүүлж иржээ.

 

С.Чинзоригийн гаргасан яг адилхан шийдвэрийг АТГ-аас хянаж үзээд гэмт хэрэгт тооцоогүй. Гэтэл түүнтэй яг адил шийдвэр гаргасан Н.Номтойбаярыг 2019 оны 11 сарын 22-ны өдөр яллагдагчаар татан ЦЕГ, АТГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлсэн ч Нийслэлийн прокурор Н.Мөнх-Од хянаж үзээд “гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй байна” хэмээн ЦЕГ, АТГ-ын ажлын хэсэгт буцаасан.

 

Ийн прокурорт буцаагаад байсан хэрэг 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн гэнэт “амь” оров. Сонгуульд нэр дэвшигчдийг зарлахын өмнөхөн хэргийн прокурор гэнэт солигдон, Н.Номтойбаяр яллах дүгнэлттэйгээ танилцаж амжилгүй “Мөрдөгч дарамталсан” шалтгаанаар цагдан хоригдсон. Үүнээс хойш дахиж түүнийг суллаагүй өнөөдрийг хүрэв. Яг адилхан шийдвэр гаргаж ажилласан нэг салбарын хоёр сайдын ялгаа нь Н.Номтойбаярт ял оноосон. Үүнээс улс төрийн зорилго, захиалгаар хэлмэгдүүлж байж болзошгүй нөхцөл харагдана. 

 

Н.Номтойбаяр мөрдөгч дарамталсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Цаашлаад улсад хохирол учруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг ч үндэслэлгүй. Ерөөс хууль зөрчөөгүй гэдгээ байцаагчид, мөрдөгчид, шүүгчид хэлсээр байв. Гэвч хуулийн байгууллага түүний үгийг сонсолгүй, хүсэлтийг хангахгүй гэдийсээр  хорьсон. Одоо Улсын дээд шүүх хэрхэн ажиллахыг харах үлдээд байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхэд шударга шүүхийн үнэ цэн оршихгүй. Улсын дээд шүүх бол хэлмэгдсэн, гүтгэгдсэн нэгний нэр хүнд, эрх чөлөөг сэргээх сүүлчийн ганц үнэн. Үнэн хэзээд ялах учиртай.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
дорнод:
... аймгийн ХХҮГ-ын дарга, ХХҮЕГ -аас зарлагдаж дуусаад шалгаруулаад 14 хоноцон тендэрт хуурамч гарын үсэг он сар тавиад Номтын нэрийг бариад хувийн ашиг сонирхол шуналаа хууль бусаар бүтээж л байсан. Номтын итгэж ... аймагт ХХҮГ ын даргаар томилсон хүн авлига ашиг сонирхол хууль бус үйлдлүүд олон удаа хийсэн!! Тэр бүхэнд түүний нэрийг барина цаад хүмүүс ч Номтоос асууж зүрхэлдэггүй л байсан. 2016 онд томилсон тэр хүн нь одоо ажиллаж байгаа ч АТГ, цагдаа ... шалгагдаж эхэлсэн!!! тэр мэт гай болох вий.!!!
2021-01-25
дорнод:
... аймгийн ХХҮГ-ын дарга, ХХҮЕГ -аас зарлагдаж дуусаад шалгаруулаад 14 хоноцон тендэрт хуурамч гарын үсэг он сар тавиад Номтын нэрийг бариад хувийн ашиг сонирхол шуналаа хууль бусаар бүтээж л байсан. Номтын итгэж ... аймагт ХХҮГ ын даргаар томилсон хүн авлига ашиг сонирхол хууль бус үйлдлүүд олон удаа хийсэн!! Тэр бүхэнд түүний нэрийг барина цаад хүмүүс ч Номтоос асууж зүрхэлдэггүй л байсан. 2016 онд томилсон тэр хүн нь одоо ажиллаж байгаа ч АТГ, цагдаа ... шалгагдаж эхэлсэн!!! тэр мэт гай болох вий.!!!
2021-01-25
Иргэн:
Энэ залууг сулла
2021-01-22
Nam bus irgen:
Maniak ardin baatar bolj tenegteh vii. Troluud ni guagaldaad ehleh chini.
2021-01-21
Монгол:
Үнэхээр хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх ёстой. Зөв зүгээр хүнийг хилсдүүлсэн бол тэр хуульч, шүүгчдийг хатуу шийтгэх хэрэгтэй.
2021-01-21
D:
Odoo busad shig n sulla
2021-01-21
Tsogt:
Nomtiig sulla novshnuud
2021-01-21