ВИДЕО: У.Хүрэлсүхийн Засгийн газар ОГЦОРЛОО

19:30 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг хэлэлцлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрох хүсэлтийг УИХ хэлэлцэж байна. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс Засгийн газар, УОК, ард түмэн зүтгэн ажиллаж байна. Эрх нь зөрчигдсөн эмэгтэй шиг үйлдэл дахин төрийн албан гарах ёсгүй. Монгол төр, төрийн албан хаагч ёс зүйг эрхэмлэх нь шударга ёсны үйлдэл. Төрийн албан хаагч нарын гаргасан алдааг өөртөө үүрч, ёс зүйн шинэ жишгийг тогтоох ёстой гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн манлайлахыг хүндэтгэж байна. Цар тахлын цаг үед монгол хүн бүр ард түмний эрх ашгаа тэргүүнд тавьж, эвийг эрхэмлэх нь туйлаас чухал байна. Улс орныг сонгож байгуулсан төр, засгийнх нь эсрэг турхирах нь төрийн эсрэг үйлдэл.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улсаа мандуулахын төлөө зүтгэх зүтгэлд нь амжилт хүсье. Шинэ Засгийн газрыг шуурхай байгуулан ажилд нь оруулахыг МАН-д уриалж байна гэлээ.
Ингээд Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжлээ.
Н.Алтанхуяг: У.Хүрэлсүхийг бууж өгч байгаад харамсаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүнд харамсаж байна. Хоёр нь ийм байдалд орох нь осолтой. У.Хүрэлсүхийг бууж өгч байгаад харамсаж байна. Ерөнхий сайдын суудал дээр ярих, энд орж ирээд Н.Алтанхуягийн суудлаас ярих шал өөр зүйл. Монголын эх оронч бууж өгч болохгүй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Өчигдрийн жагсаал бол нийгэмд өөрчлөлт шинэчлэлийг авчирлаа. Залуу үе ардчилал, эрх, эрх чөлөөгөө хамгаалаад аваад явах юм байна. Залуучууд итгэл үнэмшлээрээ гарч ирлээ. Системээ хамгаалсан үйлдэл боллоо гэж харж байна. Иргэд нь орлогогүй байна. Энэ нь зөвхөн нярайн эхийн асуудал биш. УОК-ийг хариуцлага хүлээ гэтэл Засгийн газар бүрэлдэхүүнээр огцорч байна.
У.Хүрэлсүх: Би Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ итгэж, найдаж ажилласан
18:10 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Төрийн албанд 200 мянга орчим төрийн албан хаагч ажиллаж байгаа. Цаашдаа анхан шатандаа алдаа гаргавал хариуцлага тооцдог юм байна шүү гэдгийг үлгэрлэж би энэ үйлдлийг хийж байгаа. Би хариуцлагаас зугтаагүй, харин ч үүрч байгаа юм. Ард түмний олон түмэндээ тавьсан шаардлагыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ итгэж, найдаж ажилласан. Харамсалтай нь миний итгэл найдварыг эвдлээ. Монгол төр тогтвортой ажиллаасай гэж хүсч байна. Би "долдугаар сарын нэгэн" дахиж битгий давтагдаасай гэж хүсч байна.
ҮАБЗ хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө гэж би удаа дараа сануулж байсан. Төрийн ажлыг хувийн ажил болгож болохгүй. Ерөнхийлөгч хууль зөрчсөн. Ерөнхийлөгч бол нам бус хүн. Ерөнхийлөгч Ардчилсан намыг самарсан. Ардын намыг самрах гэж байна. Ерөнхий сайд байхдаа энэ бүхнийг хэлэхэд хэцүү. Би цаашдаа үнэнийг ард түмэндээ хэлнэ гэлээ.
Ж.Мөнхбат: Ёс зүйн огцролт хийж үлгэрлэж байна
17:30 цаг:
Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорч байгаад харамсаж байна. Төрсөн эхэд төрийн албан хаагчийн хариуцлагагүй үйлдлээс сэтгэл эмзэглүүлсэн асуудал гаргасанд бас харамсаж байгаа юм. 200 мянган төрийн албан хаагчийн алдаанаас болж Засгийн газар огцордог жишиг тогтох вий. Ерөнхий сайд нь анх удаа өөрөө огцрох саналаа өгч байна. Тийм учраас УИХын чуулганы дэгийн тухай хуулийн 99,2-т заасан заалтаар хэрэгжүүлнэ. Байнгын хорооны санал дүгнэлтээр энэ асуудлыг хэлэлцэх горимын саналыг оруулж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-С.Бямбацогт гишүүний саналаар санал хураалт явуулна.
Гишүүд байнгын хорооны дүгнэлтээр асуудлыг шийдвэрлэхийг дэмжсэн юм. Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг уншиж танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаа Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгч байна. Энэ бол ёс зүйн огцролт хийж байна гэж ойлгож байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газар сайн ажилласан. Ёс зүйг өндөрт тавьсан огцролт болж байна. Эндээс үлгэр авах нь зөв гэж бодож байна.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна
17:00 цаг:
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр огцрох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаараа огцрох мэдэгдлээ хийсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох өргөдлийг хэлэлцэн дэмжсэн билээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ