"Путины ордон"-ы тухай Навальныйн киног 51 сая гаруй хүн үзжээ
Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйн үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх сангийн "Путинд зориулсан ордон" баримтат кино хэдэн жилийн өмнө гаргаж байсан, Оросын Ерөнхий сайд асан Дмитрий Медведевийн тухай эрэн сурвалжлах нэвтрүүлгийн дээд амжилтыг эвдэн, хоёр өдрийн дотор 51сая хүн үзэж, 2.8 сая лайк авчээ. Ингэснээр энэ нэвтрүүлэг Алексей Навальныйн Юүтүб сувгийн түүхэн дэх хамгийн өндөр хандалттай бичлэг болж байгаа юм.
Нэгдүгээр сарын 19-нд буюу бичлэг нийтлэгдсэн өдөр энэ нэвтрүүлэг зөвхөн орос хэл дээрх дүрс бичлэгүүд дундаа төдийгүй Юүтүбийн бүхий л төрлүүд дундаас хамгийн их хандалттай бичлэг болсон гэж BloggerBase судалгааны компаниас авсан эх сурвалжтайгаар "МБХ медиа" мэдээлжээ. Нэгдүгээр сарын 20-ны өдөр энэ бичлэг Оросоос гадна долоон орны хувьд их хандалттай дүрс бичлэгүүдийн эхний байруудад багтсан бол Оросын хувьд нэгдүгээр байранд бичигдсэн хэвээр байна.
Навальный Авлигатай тэмцэх сангийн шинэ эрэн сурвалжлах нэвтрүүлэг нь Геленжикийн ойролцоох "Путины ордон"-ы тухай бөгөөд энэ ордон нь Монакогийн вант улсын дайны 39 нутаг дэвсгэртэй тэнцэх аж. Энэ нэвтрүүлэгт өгүүлснээр, Путины энэхүү ордныг барихын тулд 100 тэрбум рубль буюу монгол мөнгөөр 3.5 их наяд төгрөг зарцуулсан бөгөөд санхүүжилтийг төрийн корпорациуд хийсэн гэнэ.
Эрэн сурвалжлах нэвтрүүлэгт "Роснефть", "Транснефть" зэрэг төрийн компаниуд барилгын ажилд зориулан мөнгө шилжүүлдэг авлигын схемийг харуулжээ. Путин улсын корпорациудын өнөөгийн тэргүүнүүдтэй нөхөрлөдөг нь энэхүү авилгын системийг үүсгэсэн гэж Авлигатай тэмцэх сан баталж байгаа аж.
Путины ордонд боомт, хувийн хамгаалалт, сүм, хяналт шалгалтын хэсэг, нислэггүй бүс, тэр бүү хэл хилийн боомт хүртэл байдаг гэнэ.
Цогцолборын бүрэлдэхүүнд газар доорх хоккейн талбай, цэцэрлэгт хүрээлэн, наран шарлагын газар болон газар доорх дарсны өрөө рүү хүргэдэг хонгил байдаг аж. Түүнчлэн театр, казино, саун, усанд сэлэх хэсэг, усны дискотек, төрөл бүрийн цех байдаг гэнэ.
Энэ нэвтрүүлэг гарсны дараа Путины хэвлэлийн төлөөлөгч үүнийг "огт хэрэггүй эд, утгагүй" зохиол хэмээн нэрлээд Авлигатай тэмцэх сангийн ажилтнуд "луйварчид" тул хандив өгөх хэрэггүй гэж ард түмэнд хандан зөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ