COVID-19: Монголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн вакцины үйлдвэрт гал гарчээ
2021-01-22

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байдены баг коронавирустэй тэмцэх ажлаа пүрэв гарагт албан ёсоор эхэлж, Жо Байден COVID-19 тахалтай тэмцэх арга хэмжээний тухай 10 зарлигт гарын үсэг зурах бол Британид зуны наадмуудыг цуцалж, Энэтхэгт вакцин үйлдвэрлэж байсан үйлдвэр шатав. Өнгөрсөн хоногт дэлхий дахинд гарсан тахалтай холбоотой үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

Байден вирустэй тэмцэх стратегиа танилцуулав
 

Үүрэгт ажилдаа ороод удаагүй Жо Байдены баг коронавирустэй тэмцэх үндэсний стратегиа танилцуулжээ. Түүнчлэн Байден цар тахалтай тэмцэх төрөл бүрийн салбарыг хамарсан 10 зарлигт гарын үсэг зурах юм байна.

"Америкт улс төр дээр биш харин шинжлэх ухаан, мэдээллийн дүн шинжилгээ, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах гол чиглэл дээр суурилсан вирусийн эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ" гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.

Цар тахалтай тэмцэх шинэ, илүү үр дүнтэй арга хэмжээний хөтөлбөр нь Жо Байдены сонгуулийн өмнөх гол амлалтуудын нэг байлаа. Тэрбээр сонгогдохоосоо өмнө эхний 100 өдөрт 100 сая америк хүнийг вакцинд хамруулна гэж амлаж байсан юм.

Одоогоор Бөйденны төлөвлөгөөнд бүх хүмүүсийг олон нийтийн газарт зайлшгүй амны хаалт зүүлгэх, америкчуудад санхүүгийн тусламж үзүүлэх, АНУ руу ирж буй хүмүүст шинэ дүрэм тогтоох, тестүүдийн тоог нэмэх зэрэг бусад арга хэмжээнүүд тусгагджээ.

 

Түүнчлэн Байдены эрүүл мэндийн асуудлаарх зөвлөх Энтони Фаучи COVAX санаачилгад АНУ нэгдэнэ гэдгийг ДЭМБ-д дуулгасан байна. Энэ хөтөлбөр нь буурай орнуудад коронавирусийн вакциныг түгээх гол арга зам болоод байгаа бөгөөд үүнд ийнхүү АНУ нэгджээ.

 

Британид "минутад 200 тарилга" хийж байна 

Британид өнгөрсөн долоо хоногт 2 сая орчим хүн коронавирусээс сэргийлэх тарилгын эхний тунг хийлгэжээ. Ингэснээр Нэгдсэн Вант Улсад тарилгад хамрагдсан хүний тоо 4.61 сая болж байгаа юм. Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок "Бид минутад 200 тарилга хийж байна" гэж мэдэгджээ.

Харин Ерөнхий сайд Борис Жонсон вакцинжуулалт явагдаж байгаа ч Их Британид коронавирусийн улмаас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтуудыг цуцлах, тэр бүү хэл хэсэгчлэн цуцлах талаар ярихад эрт байна хэмээн цохон тэмдэглэжээ. 

Түүний онцолсноор, Лондонгийн хатан хааны коллежийн сүүлийн үеийн судалгаагаар Британид илэрсэн коронавирусийн шинэ штамм нь үнэхээр л урьд өмнөхөөс илүү халдварлах чадвартай нь тогтоогдсон гэнэ. "Шинэ штамм илүүтэй үхлийн аюул дагуулахгүй, гэхдээ халдварлах чадвар өндөр, тиймээс халдварын тоо өндөр байна" хэмээн Борис Жонсон мэдэгджээ. 

 

Вакцинжуулалтыг бүрэн дүүрэн болгохын тулд хоёр тун шаардлагатай. Гэтэл Британид хоёр дахь тунг хийхээ хойшлуулж байгаа бөгөөд энэ нь ойрын үед аль болох их хүнд эхний тунг хийх төлөвлөгөөтэй холбоотой гэнэ.

 

Энэтхэгт вакцины үйлдвэрт гал гарав 

 

АстраЗенекагийн коронавирусийн эсрэг вакцины дэлхийн томоохон үйлдвэрлэгчид тооцогддог Энэтхэгийн Ийлдэсний хүрээлэнгийн нутаг дэвсгэрт гал гарчээ. Гал түймэр Махараштра мужийн Пуна хот дахь SII төв байрны асар том цогцолборын нэг байранд гарсан байна. Галын улмаас таван хүн амиа алдаж, дөрвөн хүнийг нүүлгэн шилжүүлж амжжээ.Галын шалтгаан нь барилгын ажлын үеэрх цахилгаан сүлжээний гэмтэл байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. 

 

SII  нь Оксфордын их сургууль болон АстраЗенека компанийн хамтран боловсруулсан вакциныг лицензжүүлж, түүнчлэн дөрөвдүгээр сараас эхлэн сард 50 сая хүртэлх тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байсан юм.  Гэхдээ ийм үед гал гарсан нь вакцин үйлдвэрлэлтэд огт нөлөөлөхгүй гэж үйлдвэрийн удирдлага мэдэгджээ. 

"Үйлдвэрлэлийн алдагдал гарахгүй, учир нь ийм гэнэтийн нөхцөл үүссэн тохиолдолд ашиглахаар нөөц үйлдвэрийн барилгуудыг бэлэн байлгаж байсан гэдгийг Засгийн газар болон олон нийтэд батлан хэлье" хэмээн SII-ийн захирал Адар Пунавалла мэдэгджээ.

Пунаваллагийн өгүүлснээр, галын улмаас хэдэн сая долларын төхөөрөмжид хохирол учирсан, мөн компани 137 сая долларын орлогоо алдах гэнэ.

Энэ үйлдвэр АстраЗенекагийн 50 сая орчим тунг сард үйлдвэрлэх бөгөөд ойрын үед энэ тоог 100 сая болгон нэмэгдүүлэх аж. Ийнхүү зах зээлд гаргах бэлэн бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлснээр бусад улс орон руу нийлүүлэхээр төлөвлөж байсан бөгөөд Энэтхэгийн Засгийн газар манай улсад ч вакцин нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hog avchirch shahah ni dee.
2021-01-22
зочин:
Дэлхийд чанар нь танигдсан Оросын вакциныг авахаар Европ, Ойрхи дорнод, Латин Америкийн орнууд, хамтын нөхөрлөлийн орнууд (хуучны социалист орнууд) шаргуу хөөцөлдөж байхад хэн ч мэдэхгүй, чанарын ямарч баталгаагүй Энэтхэг вакцин авч ард түмнээ хорлох санал санаачлагыг ямар этгээд ямар зорилгооор гаргаж байна вэ?
2021-01-22