456 хохирогчтой "Нарны хүү, сарны охин" компанийн хэргийг прокурорт буцаав
2021-01-22

 

Орон сууцны урьдчилсан захиалга авч 456 иргэнд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан "Нарны хүү, сарны охин" компанийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ. 

 

Хэргийг нэхэн сануулбал тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл,  "Амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан. Гэтэл тус байранд урьдчилгаа төлж, захиалга өгсөн 400 гаруй иргэн мөнгө ч үгүй, байр үгүй хоцроод байгаа юм. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Прокуророос шилжиж ирсэн. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр явуулж,

 

456 хохирогчтой 58 хавтастай буюу 14500 хуудас хэргийн материалтай шүүгч танилцаад яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн.

 

Учир нь прокурор яллах дүгнэлтдээ нотлох баримтаар дурдсан шинжээчийн 2 дүгнэлт хоорондоо зөрүүтэй, тодорхойгүй, ойлгомжгүй, хуульд нийцээгүй байна.

 

Хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлт хоорондоо 4 тэрбум төгрөгийн зөрүүтэй хууль бус дүгнэлт байсан. Хэргийг энэ хэвээр нь шүүх хүлээн авч шийдвэрлэвэл нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв хуульд нийцүүлэн гаргуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

 

Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хуваан хариуцуулахыг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой.

 

Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна.

Shuud.mn
Сонин хачин