Д.Асралт: Уламжлалт бизнесийн чиг хандлага эрс өөрчлөгдөж байна
2021-01-22

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн захирал Д.Асралттай ярилцлаа.

 

 

-Худалдаа аж үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байгаагийн хувьд ярилцлагын эхэнд цар тахлаас үүдээд бизнесийн орчинд ямар өөрчлөлт гарч байна вэ гэж асууя?

 

-Цар тахлын энэ үед бизнес бүр салбараасаа хамаараад харилцан адилгүй байна. Тухайлбал аялал жуучлалын салбар хамгийн их уналтад орж байгаа салбарын нэг боллоо. Гэхдээ бүгдэд тулгасан ганц шийдэл нь дижиталд шилжих хувилбар. Тиймээс танхимын зүгээс бизнесийн сургуультай хамтран зохион байгуулах гэж буй хөтөлбөрт энэ жил  дижитал шилжилтийн хичээл шинээр орж ирсэн. Энэ хичээлээр өөрийн бизнесээ хэрхэн дижитал хэлбэрт хөрвүүлж ашиглах вэ гэдгийг заах юм.  Бизнес модель бас өөрчлөгдөж байна. Үүнийг ч мөн танхим тухайн сургалтад тусгасан байгаа. Ер нь Harvard managementor хөтөлбөрт бизнес эрхлэгчдийг өргөнөөр хамрагдаасай гэж хүсэж байна.

 

-“Harvard managementor” гэж Харвардын бизнесийн сургуультай хамтран зохион байгуулдаг манлайллын хөтөлбөр Энэ хөтөлбөрт хамрагдвал хэн, юу хожиж, хэнд ямар туршлага үлдэх вэ?  Хамрагдахыг хүссэн хүмүүс шууд танхимтай холбогдож болно гэж ойлгож байгаа.

 

-Энэ хөтөлбөр маргаашийн манлайлагчдыг бэлтгэх зорилготой. МҮХАҮТ өнгөрсөн жил буюу 2020 онд Харвардын Бизнесийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, нийт бизнес эрхлэгчдэдээ зориулсан манлайллын хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар болсон. Гурван төрлийн хөтөлбөр болон контентыг бизнесийнхэнд хүргэх зорилготой. Эхнийх нь Harvard managementor. Энэ хөтөлбөр цахимаар буюу онлайнаар явагддаг. Дэлхийн томоохон бизнес эрхлэгчид, корпорациуд удирдах албан тушаалтнууд болон менежерүүддээ авдаг сургалт учир сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн их эрэлттэй хөтөлбөрүүдийн нэг болсон. Хоёрдахь нь Senior leadership буюу гүйцэтгэх дээд удирдлагын манлайллын хөтөлбөр. Энэ нь холимог буюу танхим болон виртуаль хэлбэрээр явагддаг. Гуравдахь нь Харвардын бизнесийн сэтгүүлд шинэ тутам гарсан нийтлэл, судалгаа, санаануудыг маш богино хугацаанд уншиж, судлах хөтөлбөр байдаг. Одоогоор эхний хөтөлбөр болох  “Harvard managementor”-ийн бүртгэл явагдаж байна. Энэ хөтөлбөр ирэх хоёрдугаар сарын нэгнээс эхэлнэ. Харин хоёр дахь хөтөлбөр нь гуравдугаар сарын 2-нээс эхлэх юм. Хөтөлбөр нийт 16 сэдвээр явагдахаас сүүлийн нэг сургалт нь Харвардын Бизнесийн сургууль дээр явагдаж, сертификатаа гардан авна. Энэ үеэр бизнес аялал хийх боломжтой. Сүүлийн хөтөлбөр болох “Harvard business review” мөн л гуравдугаар сарын нэгнээс эхэлнэ.  Ер нь эхний хөтөлбөр нь 100 хувь онлайнаар явагдах бол сүүлийн хоёр хөтөлбөр онлайн танхим хослож явагдана гэж ойлгож болно.

 

-Харвардын бизнесийн сургуулийн хичээлийг Монголд заах нь ээ? Залуу бизнесмэнүүд дэлхийгээс суралцах сайхан боломж.

 

-Танхимын зүгээс мянган сео, мянган амжилттай бизнесмэнүүдийг бүтээхийн тулд эхлээд менежер удирдлагуудыг бэлдэх ёстой юм байна гэж харж байгаа. Ингэснээр аливаа бизнес дараа дараагийн сорилт болоод боломжуудад бэлэн байх ёстой юм байна гэдэг үүднээс Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөр, контентуудыг цогцоор оруулж ирсэн. Дан хөтөлбөр биш тухайн бүс нутагт нь бизнесийн ямар шалгуур, эрсдэл тулгарч байна вэ гэдгийг эндээс мэдэх бүрэн боломжтой. Түүний дараа бизнесээ чиглүүлэх, хувиргах, өөрчлөх шилжилтүүдийг менежерүүдээр нь дамжуулж, менежмэнтийн ерөнхий ур чадварыг суулгах замаар хийж, дэлхийн зах зээл рүү гаргах зорилготай байгаа юм.

 

-Харвардын бизнесийн хөтөлбөр өмнө нь монголд хэрэгжиж байсан уу?

 

-Манайд Харвардын хөтөлбөрүүд тодорхой хэмжээнд хэрэгжиж байсан. МҮХАҮТ  буюу монголын бизнес эрхлэгчдийг төлөөлдөг байгууллагын хувьд  анх удаагаа таатай нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх гэж байна. Дэлхийн нийтэд цар тахал гарснаас хойш сургалтыг илүү онлайн хэлбэрээр авахыг шаардаж байна. Энэ шаардлагынхаа хүрээнд эхний  Harvard managementor хөтөлбөрийг онлайн хэлбэрээр зохион байгуулахаар зэхсэн. Танхимын зүгээс чиглүүлэгч буюу модераторууд ажиллуулна. Эхний  Harvard managementor хөтөлбөр 3 хэсэгтэй, 41 модультай. Эхний хэсэг нь өөрийн удирдах буюу бизнес менежерийн хувьд би хэн бэ гэдгээ илүү  тодорхойлно гэсэн үг.  Карьер хөгжлийн төвийн сэтгэлзүйн шинжлэх ухаан дээр үндэслэсэн central test -ийг хэрэглэнэ. Энэ тестээр тухайн хүн ямар төрлийн хүн бэ, өөрийгөө хэрхэн удирдах вэ гэдгээ таньж мэдэхээс гадна тестийн тайлангаар тухайн суралцагчдад илүү тохирсон сургалтыг өгнө.

 

Хоёр дахь хэсэг нь хэрхэн бусдыг удирдаж, манлайлах вэ сэдвийн хүрээнд явагдах бол гурав дахь хэсэг нь бизнесээ хэрхэн удирдах, төсөл хэрэгжүүлэх, гүйцэтгэл, инноваци, санхүү, менежмэнт, маркетингийн үндэс зэрэг хичээлүүдийг кесстэй нь хамт үзэж, суралцана. Тухайлбал Харвардын Бизнесийн сургуулийн боловсруулсан дэлхийн томоохон компаниудын өнгөрсөн болоод өнөө үед тохиолдож байгаа бэрхшээл, тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэж байгаа талаар судална. Ингэхдээ хэрвээ би тухайн компанийн менежер байсан бол асуудлыг хэрхэн шийдвэрлэх байсан вэ буюу үзэж, судалсан хичээлүүдээ илүү практикт хэрэглэж, туршиж үзэх боломжоор хангахаараа онцлог юм. Ер нь Harvard managementor хөтөлбөр 20 жилийн турш тасралтгүй шинэчлэгдсээр ирсэн. Тухайлбал цар тахал гарснаас хойш дижитал шилжилт гэдэг хичээл шинээр орж ирсэн. Сүүлийн үед анализ хийх чадвар, бизнесээ хэрхэн big data-тай холбох вэ, үр шимийг нь хэрхэн хүртэх вэ гэх асуудал чухлаар тавигдаж байгаа учир энэ төрлийн хичээлийг оруулсан.

 

-Сүүлийн жилүүдэд залуучууд жирийн л залуу хүн байхаас илүүтэй сео, ментор болох хүсэл, тэмүүлэл дүүрэн болсон нь хандлагаас ажиглагддаг. Энэ хөтөлбөр ч  1000 сео захирлуудыг бэлтгэх төслийн хүрээнд хийгдэж буй ажил гэсэн үү? Сургалтыг сонирхох залуусын эрэлт өндөр биз?

 

-Хөтөлбөрийн бүртгэл явагдаад эхэлчихсэн. Одоогоор 60-70 хувийн анги дүүргэлттэй байна. Судалгаануудаас харахад хүний нөөцийн хувьд юун дээр асуудал байна вэ гэхээр  хандлага. Чадварын хувьд боломжийн байгаа хэдий ч хандлага дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тиймээс Harvard managementor хөтөлбөрийн эхний хэсэгт өөрөө өөрийгөө танин мэдэх, хандлагаа ойлгох хичээлүүдийг түлхүү оруулсан.

 

Цаашлаад суралцагчаа шинжлэх ухааны үндсэн дээр үнэлээд, тухайн хүнд нь тохирсон сургалтыг модераторууд маань чиглүүлж өгнө. Өөрөөр хэлбэл өөрийгөө танин мэдсний дараа бусдыг удирдана гэсэн үг. Хөтөлбөрийн дараагийн хичээл нь бусдыг удирдах, манлайлах. Энэ хэсэгт ч гэсэн Карьер хөгжлийн төвийн сэтгэлзүйн шинжлэх ухаан дээр үндэслэсэн тестийг ашиглаж, тухайн суралцагч ажлын байран дээр гаргадаг сул болон давуу талыг нь гаргаж өгнө. Мөн л тестийн тайлангийн дагуу тухайн хүнд нь тохирсон сургалтыг модераторууд маань өгөөд явна. Ажлын өдрүүдэд өглөөний мэдээ маягаар 3-5 минутад багтаан асуудал, санаа, шийдэл гэсэн гурван пормат дээр тулгуурлан мэдээллийг өгнө.

Shuud.mn
Сонин хачин