БНХАУ: Амны хаалтын нийлүүлэлт эрэлтээс давсан тул үйлдвэрүүд хаагдаж байна
2021-01-22 11:52

Дотоодын болон дэлхийн эрэлтийг хангасны дараа Хятадад эмнэлгийн амны хаалтын илүүдэл нийлүүлэлт хямрал үүсгэсэн талаар The Global Times мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадад коронавирусийн халдвар тархах ид үед байгуулагдсан амны хаалтын үйлдвэрүүдийн 90 хувь нь өдгөө хэдийнэ хаагджээ..

 

Амны хаалтын дэлхийн эрэлт коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа гарсантай холбоотойгоор энэ жилээс дахин эрс нэмэгдэж байгаа юм. Гэсэн ч БНХАУ-д байгуулагдсан илүүдэл үйлдвэрүүдийг алдагдалгүй ажиллахуйц хэмжээнд эрэлт хүрэхгүй байгаа гэнэ. 

 

Амны хаалтын нийлүүлэлт эрэлтээ давснаар энэ бүтээгдэхүүний зах зээлийн үнийг унагасан нь бүр илүү асуудал үүсгэсэн гэж The Global Times мэдээлсэн байна. Өнөөдөр Хятадын зах зээл дээр амны хаалтын үйлдвэрийн үнэ 0.01 ам доллар (shuud.mn: монгол мөнгөөр 26 төгрөг орчим) байгаа нь үйлдвэрлэлийн зардлыг ч нөхөж чадахааргүй гэж нэгэн үйлдвэрлэгч эх сурвалжид ярьжээ.

 

Улмаар үүссэн хүндрэлүүдийг жижиг үйлдвэрүүд давж гарах аргагүй болсон тул агуулахад байх амны хаалтуудаа үнэгүй шахам нийлүүлж, үүдээ барьж байгаа гэнэ. Харин томоохон үйлдвэрлэгчид хүчин чадлынхаа ердөө 30 хувийг ашиглан ажиллаж байгаа аж. Өмнө нь Хятадын эмнэлгийн материал үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөгч Бай Юй мэдээлэл хийхдээ, коронавирусийн тахлын үеэр БНХАУ-д дэлхийн эрэлтээс 10 дахин их амны хаалт нийлүүлэхүйц хэмжээний үйлдвэрүүд байгуулагдсан гэж онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин