Орон сууцанд гарч буй халдвар агааржуулалтын хоолойгоор дамжсан байх магадлалтай
2021-01-22

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.22/ хийлээ. 

 

НЭМҮТ-ийн ОЭМА -ны дарга Д.Сувд орон сууцны хороололд коронавирус гарч байгаа талаарх судалгааны талаар танилцууллаа. Тэрбээр, 

 

-Баянгол дүүргийн 6-р хороонд таван өрхийн таван тохиолдол нэгдүгээр сарын 07-нд батлагдсан.  Байршлын хамаарал ажиглагдаагүй. Баянгол дүүргийн 4-р хороонд нэгдүгээр сарын 12-нд гурван өрхийн долоон тохиолдол батлагдсан. Мөн байршлын хамаарал ажиглагдаагүй.

 

Баянгол дүүргийн 6-р хороонд дөрвөн өрхийн найман тохиолдол энэ сарын 9-нд батлагдсан. Агаар сэлгэлтээс болсон  гэх таамаглал өндөр байна. Учир нь өвчлөл бүртгэгдсэн айлууд нэг орцны  харалдаа дээд, доод давхар байсан бөгөөд агаар сэлгэлтийн нэг сувагтай байсан. Айлуудын хоолны болоод тамхины үнэр ариун цэврийн өрөө, гал тогоонд үнэртдэг. Мөн 1-6 давхрын айлуудад өвчлөл бүртгэгдээгүй. Агааржуулалтын суваг ердийн сараалжтай, гэрэлтэй холбосон сэнс, хааж, нээх хавхлага байхгүй. Иймд агаар сэлгэлтээс болсон байж магад гэсэн эхний таамаг дэвшүүлээд байна. 

 

Мөн дүүргийн 6-р хороонд гурван өрхийн есөн тохиолдол 2020 оны 12 дугаар сарын 30, 2021 оны 1 дүгээр сарын 4, 11-ний өдрүүдэд батлагдсан. Байршлын хамаарал байхгүй. 

 

Мөн дүүргийн 12-р хороонд лифт нь 9 сараас хойш ажиллаагүй. Алгасаад, алгасаад өрхийн хүмүүс өвдсөн нь ямар нэгэн зүй тогтол байгааг харуулж байна. Үүнтэй холбоотой судалгааны ажил үргэлжилж байгаа. 

 

1990 оны сүүлээр орон сууцны барилгын ердийн агаар сэлгэлтийн системийн төлөвлөлтөд айлуудын агаар сорох хоолойг нэг сувагт давхар алгасан холбох системийг хэрэглэж эхэлсэн байна. Нэг сувагт давхар алгасан холбосон төлөвлөлт муу биш сайн. Гэхдээ гүйцэтгэлийн явцад алдаа гаргасан бол нэг айлаас нөгөө айлд бохир агаар нь дамжиж орж болзошгүй юм. 

 

Дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор дамжсан гэх нотолгоо байхгүй. Олон хүн бөөгнөрсөн газар батлагдсан тохиолдлыг судлахад агаарын урсгалын чиглэл даган хүмүүс халдвар авсан байгааг тогтоосон байна. Хэдийгээр судалгааны дүн гараагүй ч зөвлөмж өгөх хэрэгтэй..."  гэлээ. 

 

М.Насан. 

 

 

Shuud.mn
Сонин хачин