БШУЯ: Хоёрдугаар сарын 1-нээс танхимын хичээл эхлэхгүй, теле хичээл үргэлжилнэ
2021-01-26

БШУЯ-наас 2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулахаар шийдвэрлэжээ.

 

 

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Цар тахлын нөхцөл байдал цаашид ямар байх талаар судалгаа, шинжилгээний багтай уулзалт зохион байгуулж эрдэмтдийн гаргасан үр дүн дээр ажилласан. Эндээс харахад ялангуяа Улаанбаатар хотод 2-3 дугаар сард цар тахлын илрэлт хумигдахгүй байх нөхцөлтэй байгаа учраас танхимын сургалтыг эхлэх асуудал дээр болгоомжтой хандаж байна. 

 

Мөн ойрын хоёр, гурван сарын цаг агаарын төлөв байдал ямар байх талаар УЦУОШГ-аас мэдээлэл авахад -30 хэмээс -10 хэмд хэлбэлзэж төдийлөн дулаан байхгүй учраас хүйтний улиралд ханиад, томуу, цар тахлын дэгдэлтийг нэмэгдүүлэхгүй байх талаас болгоомжилж байгаа.

 

Тиймээс БШУЯ-наас хичээлийн жилийн бүтцийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс зайн сургалтаа эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл теле хичээлийн хуваарь цацагдана. Цахим хичээл үргэлжилнэ.

 

Танхимын сургалтыг хоёрдугаар сарын 15-наас эсвэл гуравдугаар сарын 1-нээс байх уу гэдгийг УОК, Засгийн газарт танилцуулж байж шийднэ" гэж мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин