Сербийн Ерөнхийлөгч: Дэлхийд вакцины төлөөх дайн өрнөж байна
2021-01-27

Дэлхий дахинд өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины төлөөх жинхэнэ дайн өрнөж байна хэмээн Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич РТС сувгаар мэдэгджээ. 

 

"Бид Серби рүү 6.5 сая вакцин авах гэрээ хийсэн, надад батлагдсан хэлэлцээрүүд байна. гэтэл 6.5 сая вакцин алга. Бид Хятадтай найрамдалт харилцаатай байдгийн ачаар л вакцин олж авлаа. Манай улс туршилтын гуравдугаар шатанд оролцоогүй ч Хятадын нэг сая вакцин авсан дэлхийн цорын ганц орон. Өнөөдөр дэлхий дээр вакцины төлөө дайн өрнөж байна. Бид дэмий л төлбөрөө төлж, дэмий л гэрээ хэлэлцээр хийж. Хэн ч ямар ч хэлэлцээрийг хүндэтгэхгүй байна. Дэлхий нийт Титаник шиг мөсөн уул мөргөж, баячууд нь өөрсдийгөө авран, харин Баруун Балкан дахь чинээлэг бус, жижиг орнууд та нар Титаниктай хамт живнэ" хэмээн Александар Вучич мэдэгджээ. 

 

АНУ, Европын холбоо зэрэг дэлхийн хаа сайгүй вакцины экспортуудыг зогсоож, вакцин үйлдвээрлэгчдийн эсрэг үйл ажиллагаа явагдаж байгааг Вучич анхааруулсан байна. 

"Бид тэмцэнэ, амжилтад найдна. Оросын вакциныг бага тунгаар авах гэж байна. Бид тэмцэж байна. Хятадад маш их талархлаа. Тавдугаар сар хүртэл Хятадаас их хэмжээний вакцин авна гэдэгтээ итгэж байна, хоёрдугаар сард ч хүлээн авч мэдэх юм" хэмээн Сербийн Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Сербийн Ерөнхийлөгч Вучичийн өгүүлснээр энэ улс АНУ-ын Пфайзер вакцины ердөө 21 700 тун вакцин авснаас 10 мянга нь нэгдүгээр сарын 26-ны өдөр ирсэн байна. "Бидэнд одоо тун бүр чухал" хэмээн тэрбээр онцлоод одоогоор Сербийн 319 мянга гаруй иргэнийг вакцинд хамруулсныг мэдээлжээ.

 

Энд дуулгахад, Серби улсад Америкийн Пфайзер вакциныг ашиглан 12 дугаар сарын 24-ний өдрөөс вакцинжуулалтыг эхэлсэн юм. Улмаар 12 дугаар сарын 31-ний өдөр Оросын "Спутник V" вакцин ашиглахыг Сербийн эм бэлдмэлийн агентлаг зөвшөөрснөөр нэгдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн вакцинжуулалтдаа Оросын вакциныг ашиглах болсон байна. Оросоос 2.4 мянган тун "Спутник V" вакциныг нийлүүлсэн бөгөөд энэ сарыг дуустал дахин их хэмжээгээр нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн, нэгдүгээр сарын 16-ны өдөр Серби Хятадын Синофарм компанийн 1 сая тун вакцин хүлээн авсан бол нэгдүгээр сарын 18-ны өдөр Сербийн Эм бэлдмэлийн агентлаг Хятадын вакцины эхний 100 мянган тунг ашиглах зөвшөөрлийг олгожээ. 

Вакцины тэгш бус хуваарилалт ба зөвшөөрөгдсөн вакцинууд 

Зөвхөн чинээлэг орнууд нь вакциныг нөөцлөн авч, буурай орнууд вакцингүй үлдэж байгаад санаа зовниж байгаагаа олон улсын байгууллагууд нэг бус удаа илэрхийлж байлаа. 

Тухайлбал, ДЭМБ-ын тэргүүн "Вакцин зарим хүмүүст итгэл найдвар өгөхийн зэрэгцээ нөгөө талаар дэлхийн баян, ядуугийн хоорондын тэгш бус байдалд нэрмээс болж байна" гэж ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн чуулганы нээлтэн дээр мэдэгдэж байв. 

Тэрбээр, зарим орнууд буурай орнуудад коронавирусийн вакциныг хүргэх ДЭМБ-ын тусгай хөтөлбөр болох COVAX хөтөлбөрийг тойрч, дарааллын урдуур орохыг хичээж байгаа, дэлхийн өндөр орлоготой 49 орон 39 сая тун вакцин авчихсан байхад "хамгийн буурай нэг орон 25 тун вакцин авсан" гэж энэ сарын дундуур мэдэгдэж байлаа.

Вакцины жигд бус хуваарилалтын талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч шүүмжилсэн. 

"Өндөр орлоготой орнуудад вакцин хурдан очиж байхад дэлхийн ядуу буурай орнуудад вакцин хүрэхгүй байна. Өндөр хөгжилтэй орнууд зөвхөн өөрсдийн иргэдийг вакцинжуулаад аюулгүй байдал бий болгоно гэж бодож байгаа бол эндүүрэл" хэмээн Гутерриш мэдэгдсэн юм. 

Дэлхийн улс орнууд цар тахал эхлэхтэй зэрэгцэн вакцин гарган авахаар ханцуй шамлан орж, хоорондоо өрсөлдөж байсан бол одоо вакциныг түрүүлж нөөцлөхөөр өрсөлдөж байна. 

Дэлхийд бүртгэгдсэн вакцинуудын тухайд гэвэл,  хамгийн анхны коронавирусийн вакциныг гарган авч, бүртгэсэн тухайгаа Орос улс 2020 оны наймдугаар сард зарлаж байв. Улмаар 12 дугаар сард  эрсдэлт бүлгийнхнээ вакцинд хамруулж байгаад 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс бүх нийтийг вакцинд хамруулж эхэлсэн юм. Тус улс "Спутник V" болон "ЭпиВакКорона" гэсэн хоёр төрлийн вакцинаар 68.8 сая хүнийг тарилгад хамруулахаар төлөвлөж байна. 

 

Өдгөө хатуу хөл хорионд байгаа Их Британид Оксфордын их сургууль, Шведийн АстраЗенека компанитай хамтран гаргасан вакциныг ашигласан вакцинжуулалтыг нэгдүгээр сарын дөрөвнөөс эхлүүлснээр энэ вакциныг ашигласан анхны улс болсон юм. АстраЗенека вакциныг Их Британийн засгийн газар өнгөрсөн сарын сүүлээр зөвшөөрсөн бөгөөд 100 сая тун вакцин захиалжээ. Энэ нь тус улсад бүртгэгдсэн хоёр дахь вакцин юм. Өмнө нь Германы BioNTech болон Америкийн Pfizer концерны хамтран гаргасан вакциныг бүртгэж, вакцинжуулалтад ашиглаж эхлээд байв. 

 

Коронавирусийн халдвар анхлан бүртгэгдсэн Хятад улсад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу дэгдэлт анх гарснаас яг нэг жилийн дараа өөрсдийн боловсруулсан коронавирусийн анхны вакциныг бүртгэн авсан. Хятадын вакциныг Синофарм үйлдвэрлэсэн бөгөөд гурав дахь шатны эмнэлзүйн туршилтын завсрын дүнгээр вакцин 79.43 хувийн үр дүнтэй гэж гарсны маргааш өдөр нь ийнхүү бүртгэсэн байна.

 

2020 онд эрүүл мэндийн салбарын хувьд коронавирусээс сэргийлэх вакцин гарган авах нь амин чухал асуудал болсон бөгөөд 2020 оны 12 дугаар сар гэхэд 200 гаруй вакцин боловсруулалтын ажил явагдаж байгаагаас 63 нь хүн дээр туршилт хийж эхэлжээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10