Итали: Аюултай челленжид оролцсон 10 настай охин амиа алджээ
2021-01-27

Италийн холбогдох албаныхан 10 настай охины үхлийн шалтгааныг шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар ТикТок дахь челленжид оролцсон нь үхэлд хүргэсэн байж болзошгүй гэнэ. Хятадын ТикТок олон нийтийн сүлжээ үнэн мөнийг олоход хамтран ажиллана гэж амалсан байна. Одоогоор ТикТок сүлжээг Италид хэсэгчлэн хаасан гэж Вести мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмгэнэлт хэрэг Италийн Палермо хотод болсон байна. Арван настай Антонелла охиныг угаалгын өрөөнд гартаа утас барьсан, ухаан алдсан байхыг гэрийнхэн нь олжээ. Охиныг эмнээгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй гэнэ.

"Сэхээн амьдруулах тасгийнхан хүүхдийн амь насыг аврахын тулд шаардлагатай бүхнийг хийж зүрх ажиллаж эхэлсэн ч тархи хүчилтөрөгчийн дутагдлын улмаас хүчтэй гэмтсэн байсан юм. Олон цаг комд байсны дараа нас барсан гэж дүгнэсэн" хэмээн Хүүхдийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Гэатана Лазарро ярьжээ.

 

Амиа алдсан охин нас барахынхаа өмнө амьсгалаа түгждэг аюултай челленж болох "блэкаут тоглоом"-д оролцож байсан гэж охины эгч эцэг эхдээ хэлсэн байна. Эцэг эх нь энэ талаар огт ажиг аваагүй бөгөгөд хөгжилтэй видео үзэхээр ТикТок-д ордог гэж боддог байсан гэнэ. 

"Хүүхдүүд нас нь бага тул эрсдэлтэй челленжүүдийн аюулыг төдийлөн ухаардаггүй. Улмаар амь насаа алдах аюултай. Тиймээс энэ төрлийн тоглоомуудыг март. ТикТок зэрэг олон нийтийн сүлжээнүүдэд анхаар. Эцэг эхчүүд энэ сүлжээнд бүжиг, дуу, зугаатай дүрс бичлэг гэсэн ямар ч аюулгүй зүйлс нийтлэгддэг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ олон нийтийн сүлжээнүүд маш аюултай" хэмээн хүүхдийн эмч Лука Бернардо онцолжээ. 

ТикТок сүлжээ ашиглагчдын ихэнх нь сурагчид байдгийн дээр тэд нэгнээ аливаа үйлдэл хийхийг уриалан, төрөл бүрийн бичлэг байршуулж байдаг. Зөвхөн ТикТок төдийгүй бусад олон нийтийн сүлжээнүүдэд ч төрөл бүрийн челленж гарч, үүнийг өсвөр насныхан даган дуурайснаар аюултай үр дүнд хүрдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. 

ТикТок сүлжээнд 13-аас дээш насныхан бүртгүүлэх журамтай ч хүүхдүүд төрсөн огноогоо хуурамчаар хийн, хялбархан бүртгүүлчих боломжтой юм. Италид 14-өөс доош насны хүүхдүүд олон нийтийн сүлжээнд бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчаасаа зөвшөрөл авах хуультай байдаг аж. Дээрх эмгэнэлт хэргийн дараа Италид ТикТок сүлжээг хэсэгчлэн хаасан бөгөөд энэ хязгаарлалтыг цуцлуулахын тулд олон нийтийн сүлжээ хоёрдугаар сарын 15 гэхэд Италийн хууль тогтоомжид заасан шаардлагуудыг биелүүлэх ёстой гэнэ. 

 

Энд дуулгахад, Энэтхэг улсад ТикТок болон Хятадын өөр 50 гаруй апликейшнийг нэг мөр хаасан юм. Эдгээр нь Энэтхэгийн тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, нийгмийн аюулгүй байдал болон хэв журамд хохирол учруулна гэж Энэтхэгийн засгийн газар үзжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10