А.Амбасэлмаа: Наркологийн төвд хөл хорио тогтоолоо
2021-01-27

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.27/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Сүүлийн өдрүүдэд дүүргийн хорооллуудад өвчлөл бүртгэгдсээр байгаа. Жишээлбэл, 

 

  • Баянгол дүүргийн 25-р хороо
  • Баянзүрх дүүргийн 26-р хороо
  • Сүхбаатар дүүргийн 1,5-р хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 1,15-р хороо
  •  Хан-Уул дүүргийн 4,15-р хороонд өвчлөл шинээр бүртгэгдсэн. 

 

Наркологийн төвд эмчлэгдэж байсан нэг хүн эмнэлгээс гараад хөдөө явах шинжилгээ хийлгэхэд коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн иргэн Наркологийн төвд хэвтэхээсээ өмнө PCR шинжилгээ хийлгэсэн байсан. Үүнтэй холбоотой тандалт судалгаа хийсэн. Ойрын хавьтал 17 хүн, түүний гэр бүл 21 хүн, эмч, эмнэлгийн ажилтан 40 хүн, 22-ноос эмнэлгээс гарсан хүмүүс нийт 70 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Наркологийн төвд түр хугацаагаар хөл хорио тогтоож, тандалт судалгаа зохион байгуулж байна. 

 

Улаанбаатар хотод одоогийн байдлаар  идэвхтэй байгаа Баянзүрх дүүргийн 2-р хороо, Сүхбаатар дүүргийн Дамбын нийтийн байр, Бэлхийн задгай, Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байр, Баянзүрх дүүргийн 26-р хороо Баянмонгол хороололд халдварын голомт идэвхтэй үргэлжилж байна. Түүнээс гадна шалтгаан тодорхойгүй өөрсдийн хүсэлтээр өгсөн дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Гэхдээ тандан судлах явцад 2,3 дахь хавьтал болсон байдал ажиглагдаж байна. 

 

Өчигдөр Ховд аймаг руу явж байсан 41 хүнтэй автобус Дарви сумын хяналтын постод түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Ховд аймгийн лабораторид баталгаажуулах шинжилгээг хийхэд коронавирус илэрлээ. Тухайн хүмүүс нь Ховд аймаг руу ороогүй бөгөөд тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авч ирж байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Зочин:
Хороогоор нь зарлах чинь хаана гэдгийг ойлгоход хэцүү зүйл байна. Гудамж, талбайгаар нь тодорхой зарлаач. Хүн амьта тэр газруудаас зайлсхийх хэрэгтэй биз дээ...
2021-01-27