Банкууд хувьцаа гаргаснаар иргэд хамгийн их хожно
2021-01-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Банк монгол хүнд улам өгөөжтэй болох нь. Монгол хүн бүр, айл өрх, албан байгууллага болгонд хамаатай банкны салбарын үр ашгаас олон нийт, энгийн иргэд хүртэх боломж нээгдэх гэж байна.  

 

Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүссэнээс хойших 30 жилийн хугацаанд дотоодын арилжааны банкнууд цөөн хэдхэн хүний гарт төвлөрсөн. Банкны салбар, ялангуяа системийн гол банкнууд ганцхан эзэнтэй, гагцхүү тэр эзэмшигчийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг, засаглалын тэнцвэр алдагдаж, хаалттай удирдлага ноёрхсон хэмээн иргэд төдийгүй салбарынхан олон жилийн турш шүүмжилсээр ирсэн нь үнэн. 

 

Учир нь арилжааны банкны нийт хувьцааны 90-ээс дээш хувийг ердөө гурав хүртэлх тооны хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. Үүнээс үзэхэд Монголын санхүүгийн зах зээлийн 90 хувийг бүрдүүлдэг, макро эдийн засагт жинтэй нөлөө үзүүлдэг банкны салбар хэдхэн хүний атганд багтаж, тэднээс шууд хамааралтай болсон нь тодорхой харагдана.  

 

2020 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөгт хүрснийг Монголбанкнаас мэдээлсэн. Үүний 32 их наяд орчим төгрөг буюу 90 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө бүрдүүлж буй бол үлдсэн 10 гаруй хувь нь банкны эздийн өмч байгаа юм.  

 

Тэгвэл эздийн өмч буюу ойролцоогоор 3.8 их наяд төгрөг өнөө хэр олон нийтийн хяналтаас ангид байгаа нь банкны салбар дахь хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг нэмэгдүүлж, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэрт байдал алдагдахад хүргээд байна. Цаашлаад энэ нь салбарын төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж, банкны системд эргээд эрсдэл дагуулах болов. 

 

Банкны салбарын эзэмшил төвлөрснөөс гадна санхүүгийн гол эх үүсвэр болох хадгаламж ч цөөн хүний гарт багтдаг. Нийт хадгаламж эзэмшигчдийн нэг хувь нь нийт хадгаламжийн дүнгийн 60 орчим хувийг эзэмшдэг. Харин хадгаламж эзэмшигчдийн 99 хувь нь үлдсэн 40 хувийг бүрдүүлж байгаа нь төвлөрөл өндөртэй болохыг харуулж буй.  

 

Тиймээс хэн бүхэнд хамаатай атлаа эзэмшлийн хувьд хаалттай хэвээр байгаа банкны салбарт салхи оруулж, нээлттэй болгох нь энэ салбарын засаглалыг сайжруулж, эрсдэлийг бууруулна гэж төв банкнаас үзэж байна. Ийм өөрчлөлтийн үр дүнд банкны салбараа дампуурлын ирмэгээс аварсан жишээ ч цөөнгүй байна. 

 

Тухайлбал, БНСУ-ын банкны салбар 1998 онд гүн хямралд орж, дампуурлын ирмэгт тулаад байх үед арилжааны банкуудын хувьцаа эзэмших хязгаарыг 10 хувиар тогтоож, тус улсын төв банк болон гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсан нь бодит үр дүнд хүрчээ. Ингэснээр Өмнөд Солонгос улсын одоогийн тогтвортой банкны системийг босгож чадсан байна.  


Монголбанкны судалгаагаар цөөнгүй улс банкны хувьцаа эзэмших хувь хэмжээнд хязгаарлалт тогтоодог бөгөөд дийлэнх нь 10-20 хувьд хэлбэлздэг байна. Харин цөөн хэдэн орон энэ дүнгээс ялимгүй өндөр тогтоожээ. 

 

 

Тэгвэл банкны салбарын хувьцааг олон нийтэд санал болгох хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүн санаачлан, УИХ-д өргөн бариад байна. Чуулганаар хэлэлцэж буй Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд банкнуудыг хувьцаат компани болгож, хувь эзэмшлийг хязгаарлах талаар тусгасан. Энэ хүрээнд системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болж, тодорхой хэмжээний хувьцаагаа хөрөнгийн биржид арилждаг болгохоор заасан байна. 

 

Түүнчлэн банкны ТУЗ-ийн гишүүдийн тоог тогтоож, есөн гишүүний гурваас доошгүй нь хараат бус хөндлөнгийн хүмүүс байхаар ч тусгажээ. 

 

Арилжааны банкнууд нээлттэй болсноор хаалттай засаглал нь сайжирна. Энэ нь салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй банкны системийн эрсдэлийг багасна. Цаашлаад Монгол Улсын макро эдийн засгийн тэнцвэрийг бататгах юм. Банкууд хувьцаа гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлийн өсөлт хөгжилд бодит түлхэц үзүүлэх төлөвтэй байна. 

 

Хамгийн гол нь үүний үр дүнг  цөөн хэдхэн хүн бус олон нийт, энгийн иргэд илүү хүртэнэ. Иргэд банкинд хадгаламж эзэмшээд зогсохгүй тухайн банкныхаа хувьцааг нь захиран зарцуулах эрхтэй болно. Мөн хадгаламжтай иргэдэд хөрөнгө оруулах сонголт бий болно. Банкны хадгаламжийн хүүг бодоход өгөөжтэй бөгөөд цаашид ногдол ашиг ч хүртэх боломж нээгдэнэ. 

 

Тэр бүү хэл, хадгаламжийн төвлөрөл багассанаар зээлийн хүү буурах нэг нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Товчхондоо, арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болж, иргэд болон аж ахуйн нэгжүүд банкуудын хувьцаа эзэмшээд эхлэхээр хариуцлага тооцох, хяналт тавих боломж нээгдэнэ. Ингэснээр Монголын банкны салбарт томоохонд тооцогдох засаглалын шинэчлэл хийгдэх юм. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин