Дайны хажуугаар дажин буюу хөл хориог эсэргүүцсэн үймээнүүд
2021-01-28

Дэлхий дахинаа коронавирусийн цар тахал дэгдээд жил гаруй хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд хүн төрөлхтөн хэд хэдэн төрлийн вакцин гарган авч, дэлхийн олон орон вакцинжуулалтаа эхэлсэн ч энэ ажил олон улсын хэмжээнд төдийлөн хангалттай түвшинд хүрэхгүй байгаа юм. Вакцин хүлээсэн орнуудын хувьд халдварын тархалтыг хумих цорын ганц арга нь хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ болсон ч улс орнуудын иргэд засгийнхаа энэхүү алхмыг харилцан адилгүй хүлээн авч байна. Нэг хэсэг нь хөл хорионд тэвчин сууж, нөгөө хэсэг хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа бол хөл хорио тогтоохыг шаардсан улс ч гарч ирэв. Улс орнуудад хөл хориотой холбоотой үүссэн нөхцөл байдлыг тоймлон хүргэж байна

Ливан: Дэлбэрэлт, буун дуу

Ливан улсад эсэргүүцлийн арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид коронавирусийн улмаас тогтоосон хязгаарлалтууд, энэ улсад жил гаруй үргэлжилж буй санхүүгийн гүн хямралд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Нэгдүгээр сарын 27-ны үдэш Ливаны Триполи хотод эмх замбараагүй байдал байлдааны ажиллагаа шиг болж, иргэд шатамхай шингэнтэй лонх шидэн, хаа сайгүй дэлбэрэх, буудах чимээ сонсогдож байсан талаар Ливаны "Аль-Жадид" сувгаас авсан эх сурвалжтайгаар РИА Новости мэдээлжээ. 

Цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан ч төдийлөн үр дүнд хүрээгүй тул агаарт хий буудсан байна. Харин жагсагчид үүний хариуд хогийн сав, дугуй шатааж, хотын захиргаа хүрэх  зам хаажээ. Түүнчлэн хууль сахиулагчид руу хэн нэгэн байлдааны гранат шидсэний улмаас цагдаагийн есөн алба хаагч бэртэж гэмтсэн байна. 

Ливаны Улаан загалмайн хорооны мэдээлснээр Ливанд болсон эмх замбараагүй байдлын улмаас 82 хүн бэртэж гэмтэснээс 15 хүнийг эмнэлэгт хүргэж, 67 хүнд газар дээр нь тусламж үзүүлжээ. 

Триполи бол Ливаны хамгийн ядуу буурай хотуудын нэг бөгөөд хүн амынх нь ихэнх хэсэг нь нэн ядуу нөхцөлд амьдардаг байна. Тиймдээ ч оршин суугчид аюулгүй байдлын арга хэмжээг мөрдөхөд хүнд, улмаар хязгаарлалтыг эсэргүүцэн байнга үймээн дэгдээж байгаа бөгөөд үймээнийг намжаахын тулд арми хөдөлгөжээ. Тус улсад хоёр долоо хоногийн хугацаанд бүрэн тусгаарлалт зарлан, 24 цагийн хөл хорих цаг буюу оршин суугчид өдрийн аль ч цагт гэрээсээ гарахыг хориглосон юм. Хүнсний бүтээгдэхүүнийг иргэдийн гэрт нь хүргэж байгаа аж. 

Израиль

Израильд ч мөн тахлын үеийн үймээн дэгдэж нэгдүгээр сарын 25-ны өдөр хэсэг эсэргүүцэгчид Бней-Бракийн гудамжинд хоёр автобус руу дайрч, нэгийг нь шатаасан байна. Хоёр дахь автобус руу эсэргүүцэгчид эхлээд чулуу нүүлгэн, дараа нь зогсоон, жолоочийг нь айлган сүрдүүлж, автобуснаас гаргажээ. Түүнийн эмх замбараагүй байдлын оролцогчид хогийн чингэлэг шатааж, цагдаагийнхан руу жижиг тэсэрдэг петард шидэж байсны дээр үйл явдлыг газар дээрээс нь дамжуулж байсан гэрэл зурагчид, сурвалжлагчдын биед ч халдсан байна. 

Нэгдүгээр сарын 26-ны өдөр Иерусалимын Меа-Шеарим дүүрэгт ч эсэргүүцлийн жагсаал болж 12 дугаар сарын 27-ны өдөр тогтоосон хөл хориог цуцлахыг шаарджээ. Тэд зам хааж, цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан усан буу ашигласан байна. 

Нидерланд дахь үймээн

Нидерландад өнгөрсөн ням гарагаас эхлэн эсэргүүцэл эмх замбараагүй байдал өрнөж, 300 орчи хүн баривчлагдаад байгаа юм. Орон нутгийн иргэд коронавирусийн цар тахалтай тэмцэх зорилгоор тогтоосон хязгаарлалтуудыг эсэргүүцэн, өдөр бүр хүмүүс хэдэн зуугаараа гудамжинд гарч хориг цуцлахыг шаардаж байгаа аж. Эсэргүүцэлд ихэвчлэн залуус нэгдсэн бөгөөд тэд хэдэнтээ цагдаагийнхантай мөргөлджээ. 

Ийнхүү үймэх болсон нь нэгдүгээр сарын 23-ны өдрөөс тус улсад хөл хорих цаг тогтоосонтой холбоотой юм. Нидерландад 21.00-04.30 цагийн хооронд гэрээсээ гарахыг хориглосон.

Харин эсэргүүцэгчид зориуд энэ журмыг зөрчин, 95 еврогийн торгууль хүлээсээр байгаа гэнэ. Үймээний үеэр эсэргүүцэгчид машин онхолдуулж замын хөдөлгөөн хаан, дэлгүүрүүдийн цонхыг хагалж, цагдаагийнхан руу чулуу нүүлгэж байгаа бол цагдаагийнхан бороохой, усан буу, нулимс асгаруулагч хий ашиглаж байгаа аж. 

Гүржийн эсэргүүцэл

Сүүлийн өдрүүдэд коронавирустэй тэмцэх зорилготой тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн давалгаа Гүржид ч мөн үүслээ. Энэ улсын Засгийн газар ихэнх хязгаарлалтын арга хэмжээг гуравдугаар сар хүртэл сунгахаар шийдсэн нь ийнхүү эсэргүүцэлтэй тулгарчээ. 

Өнгөрсөн даваа гарагт Тбилиси хотод тусдаа гурван жагсаал болж, оролцогчид нийтийн тээврийг хэвийн явуулах, хөл хорих цагийг цуцлахыг шаардсан байна.

Бразилчууд улс хөл хорио тогтоохыг шаардав 

Ийнхүү олон оронд хөл хориог эсэргүүцэж байгаа бол Бразилд байдал эсрэгээрээ. Энд хүмүүс мөн л эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байгаа ч бусад орнуудын иргэдийнхээс шаардлага нь өөр. Тэд коронавирусийн тархалтыг хумих зорилгоор хязгаарлалт тогтоохыг шаардаж байгаа бол Ерөнхийлөгч Жаир Болсонаруд импичмент зарлажээ. 

Бразилын томоохон хотуудад олон мянган иргэн цуглан, Болсонаругийн бодлогод дургүйцэж байгаагаа илэрхийлэн жагссан байна. Иргэдийн үзэж байгаагаар Болсонару коронавирусийн аюулыг үл тоомсорлон, арга хэмжээг хожимдож авсан гэнэ. Халдвар авсан хүний тоогоороо дэлхийд гуравдугаар, нас баралтын тоогор хоёрдугаарт бичигдэж байгаа нь Ерөнхийлөгчийн буруу гэж иргэд үзэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10