Байден "Хятад вирус" гэх үг ашиглахыг хориглолоо
2021-01-28

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цар тахлын үед ази гаралтай америкчуудын нүүр тулж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэх хүрээнд "Хятад вирус" гэх үгийг хориглосон тушаал гаргажээ.

Үүний дагуу Эрүүл мэндийн яам, нийгмийн албад зэрэг холбооны агентлагууд одоо мөрдөгдөж буй журам, захирамж, Трампын захиргааны үед ашиглагдаж байсан засгийн газрын сайтууд дээр дээрх ялгаварлан гадуурхсан үг, томъёолол байгаа эсэхийг шалгах үүрэгтэй болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп хэвлэлийн хурал болон ярилцлагын үеэр коронавирусийг "Хятад вирус" хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм.

"Цар тахлын үеэр эрс нэмэгдсэн, тэр дундаа Ази гаралтай америкчууд болон Номхон далайн арлын оршин суугчдыг ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэхийг холбооны агентлагуудад үүрэг болгож байна. Ийнхүү ялгаварлан гадуурхах нь зохисгүүй, Америкт ийм явдал байж болохгүй" хэмээн Байден цохон тэмдэглэсэн байна.

Энэ захирамж нь тэгш бус байдалтай тэмцэхэд чиглэгдсэн гүйцэтгэх арга хэмжээний багцын нэг хэсэг бөгөөд энэ багц арга хэмжээнд хүртээмжтэй орон сууц, хувийн хорих газар, овог аймгуудын өөрөө удирдах байгууллагууд зэрэг асуудлууд багтжээ.

CBS News агентлагийн мэдээлснээр Байдены шилжилтийн баг болон Цагаан ордны Дотоод бодлогын зөвлөл Ази гаралтай америкчууд болон Номхон далайн арлуудын оршин суугчдад чиглэгдсэн гүйцэтгэх арга хэмжээнүүдийг гурван долоо хоногийн туршид бэлдсэн гэнэ. Түүнчлэн энэ зарлигт Ази гаралтай америкчуудын эсрэг үзэн ядалтын хөрсөн эдэр үйлдэгдсэн гэмт хэргийн тохиолдлуудын тухай мэдээллийг нарийвчлан цуглуулахтай холбоотой Хуульзүйн яаманд зориулсан тусгай удирдамж багтжээ.

Asian Americans Advancing Justice хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, Ази гаралтай америкчуудын эсрэг чиглэгдсэн ялгаварлан гадуурхахтай холбоотой 2600 хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээрт, иргэдийг гутаан доромжлохоос эхлээд биеийн хүчирхийлэл үзүүлэх, тэр дундаа хүчил, хутга ашиглан бусдын биед халдсан хэргүүд ч багтаж байгаа гэнэ. 

"Коронавирусийн цар тахал эхэлснээс хойш Ази гаралтай олон мянган Америк хүн өөрсдийнх нь эсрэг үзэн ядалт, хүчирхийлэл гарсан талаар мэдээлж байсан. Тэдний ихэнх нь байнгын айдас дунд амьдарч байна. Ерөнхийлөгч асан болон түүний захиргааны ялгаварлан гадуурхсан үг хэллэг үзэн ядалтыг улам дэврээж байгаа юм" хэмээн хүний эрхийн байгууллага мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10