Цахилгаан тогооны “сүйтгэсэн” өрөөсөн углааштай үлдсэн АМЬДРАЛ
2021-01-28

 

Үнс, нурам болсон гэрийн хоймор дахь авдар дээр шаталгүй үлдсэн гурван заан. Хананд хадсан зах нь шатаж, өнцөг нь үлдсэн шаргал хивс. Хивсний өмнөх мөлхөө тавилга дээрх мөн л шатчихсан том телевизор. Энэ бүхэн “Их гоё айл байж ээ” гэх бодлыг эрхгүй төрүүлж байлаа. Тийм ээ, байж. Буцаагаад байлгахын тулд 30 гаруй насны залуу хосууд дахиад шинээр эхлэх нь гэхээс халирмаар. Гэхдээ “Үр хүүхэд минь эрүүл саруул байна. Болно доо” гээд хоолой зангируулах 33 настай залуухан ээжийн үгэнд бас харцанд итгэл тасраагүй байгаа нь сайхан.

 

 

Бүсгүйг тайвшруулахаар хоёр найз нь ирсэн бололтой. “Үр хүүхэд нь эсэн мэнд байна, болно оо найз минь” хэмээн тэврэх бол нөхөр харласан гэр рүүгээ нэг орж, нөгөө гарч гар утас нь дугарахад “Ээж залгаж байна, юу гэх үү” хэмээн давхийх аж. Зүрхшээн байж утсаа аваад хэдэн үг хэлээд буцаан таслаад эхнэртээ хандан “Мэдчихэж ээ” гэв. Эхнэр, нөхөр хоёул “Яана аа, настай хүн даралт нь ихэсчих вий дээ” гэж сандралдсан.

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамж дахь айлын гэр шатаж, Онцгой байдлын аврагчид гал түймрээс таван хүүхдийн амь насыг аварчээ.

 

Онцгой байдлын албанд өчигдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 19:14 цагт ирсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан байна. Улмаар гал түймрээс Б /12 настай, эрэгтэй/, А /9 настай, эмэгтэй/, М /5 настай, эмэгтэй/, А /2 настай, эмэгтэй/, З / 6 сартай, эмэгтэй/ нарын амь насыг аварчээ.

 

 

Өвлийн хүйтэнд өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй үлдсэн энэ өрхийн нөхцөл байдлыг сурвалжлахаар Баянхошууг зорив. Аав, ээжийгээ эзгүй хойгуур унд нэхсэн дүүдээ ээжийнхээ бэлдээд тавьсан мах, гурилаар хоол хийж өгөхөөр цахилгаан тогоогоо асаатал залгуур буудан гал авалцсанаас болж түймэр гарчээ. Арванхоёр настай том хүү нь эхлээд есөн настай охин дүүгээ гаргаж, дараа нь хоёул хамжин 5, 2 настай, зургаан сартай нялх дүүгээ галаас эсэн мэнд гаргаж амжжээ. Хүү сая сэхээ авч дүү нараа бүрэн эсэхийг тоолж бүртгэв. Дараан ьцасан дээр хөнжил дэвсэж хөл нүцгэн шахуу дүү нараа багтааж зогсоогоод тусламж гуйхаар хашаанаасаа гарч гүйгээд гудамжинд зогсож байсан автомашины жолоочид хандсанаар онцгойд бас ээж, аавд нь хэл хүрчээ.

 

 

Энэ тухай гэрийн эзэгтэй, Сонгинохайрхайн дүүргийн иргэн Б.Ганцэцэг “Бид хоёр чухал ажилтай ойрхон гарчихсан хойгуур ийм юм болчихлоо. Би гарахдаа хүүхдүүдээ огт түгждэггүй. Энэ удаад ч түгжээгүй гарсан. Цахилгаан тогооны залгуур буудаад тэрнээс үүдэн гал гарсан. Цахилгааны утаснаас гал авалцаад том хүү маань дүү нараа аваад гэрээсээ гарч амжсан байна. Хүү маань дүү нарыгаа гэрээсээ гаргаад, гудамжинд зогсож байсан хар машинтай хүн рүү гүйж очиж тусламж дуудсанаар Онцгой байдлын алба хаагчид ирж галыг унтраасан. Тэр хүн бас над руу утсаар холбогдож хэлснээр 20-30 минутын дараа ирэхэд гэр маань ийм болчихсон байсан. Хүүхдүүд маань эрүүл саруул, эсэн мэнд байгаа нь хамгийн том аз” гэж ярилаа.

 

Эднийх Завхан аймгаас хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод шилжин ирж түрээсийн хашаанд төвхнөжээ. Б.Ганцэцэг багш мэргэжилтэй бол түүний нөхөр барилгын ажил эрхэлдэг. Гурван жаахан хүүхэдтэй учраас Б.Ганцэцэгт ажил хийх боломж олддоггүй. Барилгын ажил улирлын чанартай учраас өвлийн цагт нөхөр ажилгүй шахуу өнждөг аж. Өнөө жилийн хувьд коронавирусийн халдварын улмаас бүр ч ажил олдохгүй арваннэгдүгээр сараас хойш айлын хашааны сар бүрийн түрээс 50 мянган төгрөгийг ч төлж чадахгүй өнөөдрийг хүрчээ. Хүүхдийн мөнгөөрөө амьдралаа залгуулж буйгаа Б.Ганцэцэг учирлаж байлаа. Гэтэл нэмээд хөхөө өвлийн хүйтэнд орон гэргүй, хүүхдүүд нь галаас нүцгэн шахуу гарч амжсан төдийгүй нэг нь өрөөсөн углааштай үлджээ.

 

 

Энэ тухай Б.Ганцэцэг “Хүүхдүүд маань гэрээсээ нимгэн цамц өмдтэй, өрөөсөн углааштай, зарим нь бүр нүцгэн гараад ирсэн. Одоо өмссөн хувцастайгаа л үлдсэн. Бид хоёр гадуур явж байсан тулдаа гадуур хувцастайгаа үлдлээ. Том хүү маань цочролд орчихсон. Дүү нараа тоолоод л галаас гаргасан гэж яриад байгаа юм. Бага дүү нь дан цамцтай, нэг нь нүв нүцгэн гарсан байна лээ. Орох оронтой болчихвол бусад нь болно доо" гэв.

 

Таван хүүхдийн хоёр нь сургуульд, хоёр нь цэцэрлэгт, хамгийн бага нь ээжтэйгээ гэртээ өнждөг байсан бол хөл хорионы улмаас өнөө өвөл тэд бүгд гэртээ байв. Б.Ганцэцэгт ажил хийх хүсэл байвч бага насны хүүхдүүдээ орхих боломжгүй тул хувийн жижигхэн бизнес эхлүүлэхээр эхнэр, нөхөр хоёр зөвлөлджээ. Ингээд хүнтэй уулзаж зөвлөгөө авахаар гарсан хооронд гэр нь шатчихав.

 

 

Онцгой байдлын газраас өдөр бүр гаргадаг аюулт үзэгдэл, нөхцөл байдлын мэдээнээс харахад өдөрт багадаа л 2-3 гал түймэр гарч айлын байшин, гэр, малчны өвөлжөө шатсан байдаг. Нэг галын ард л гэхэд таван бяцхан жаал өмссөнөөсөө өөр хувцасгүй, залуу гэр бүл дахиад л тэгээс эхлэх сэтгэлийн тэнхээгээс илүү эд хөрөнгөгүй үлдэж байна. Тиймээс үргэлж болгоомжилж, сэрэмжилж, халцарсан цахилгааны утсаа сольж, цахилгаан тогооны залгуураа цаг ямагт шалгаж байхыг энэхүү сурвалжлагаар дамжуулан анхааруулъя.

 

 

Гал, усны аюул хэлж ирдэггүй. Магадгүй, Мөнх-Эрдэнийн гэр бүлд хандив, тусламж илгээхийг хүссэн сайхан сэтгэлт хүн байвал 88278879 /Б.Ганцэцэг/ дугаарын утсаар холбогдоорой.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Zochin:
Yag yu geh geed bgaan naad Garching ene ter n oilgomjgui duuf setguulch ner zuusen
2021-01-29
**:
Нутагтаа оч.
2021-01-28
амьгүй халуун тогооноос болсон гээд өөрсдөө ямарч буруугүй мэт ярьж байдаг хамгийн чухал нь хөөрхий нялх амьтад өөрсдийгөө аварч бурхан минь 2 лаа гэртээ байдаг байж хүүхдүүдээ сайн анхаармаардаа
2021-01-28