Цар тахал: Грект хөл хориог чангалж, Италид суллахаар болов
2021-01-30

Жил гаруйн өмнө Хятадын Ухань хотноо дэгдсэн халдвар дэлхий даяар тархаж, улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүссэн нөхцөл байдлыг "цар тахал" хэмээн 2020 оны гуравдугаар сард мэдэгдэж байлаа. Цар тахлын үед халдварыг хумих хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио гэж олон улс үзэн, агаарын тээвэр, зорчигч тээвэр төдийгүй тухайн хот доторх  зорчих хөдөлгөөнийг  ч хязгаарласаар байна. Зарим орон энэ хязгаарлалтаа улам чангатгаж байгаа бол нөгөө хэсэг нь суллахаар болжээ. 

 

Грек улс хөл хорионы нөхцөлд гурван сарын хугацаа үдсэн. Коронавирусийн тархалтын улмаас бүх нийтийн энэ хөл хориог дахин долоо хоног сунгахаар болсон талаар Грекийн Иргэдийг хамгаалах асуудал эрхэлсэн сайд Никос Хардалиас мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Ингэснээр Грект урьдын адил хот хооронд зорчих боломжгүй, Грекийн оршин суугчид гэрээсээ гарахдаа мессеж эсвэл цахимаар зөвшөөрөл авах ёстой гэнэ. Түүнчлэн шөнийн цагаар хөл хорих цагийг хэвээр үлдээж, гадаа болон дотор амны хаалт зүүх шаардлага урьдын адил үйлчилж байгаа аж.

Хэдийгээр хөл хориог сунгасан ч хоёрдугаар сарын нэгнээс Грекийн гимназиуд танхимаар хичээллэж эхлэх бол тахлын нөхцөл байдал тогтвортой байгаа бүс нутгуудад лицей сургуулиуд ч хэвийн горимоор ажиллана гэж сайд Хардалиас мэдэгджээ. 

Энэ улс нэгдүгээр сарын 27-ны өдөр коронавирусийн халдвараас сэргийлж хүн амыг вакцинжуулах сарын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бөгөөд сарын хугацаанд 200 мянга гаруй хүнд вакцин хийсэн байна. 

Канад агаарын харилцаагаа зогсоож, Чех гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглов 

Канадын томоохон агаарын тээврийн компаниуд Мексик болон Карибын тэнгисийн орнууд руу хийх нислэгүүдээ зогсоохыг зөвшөөрчээ. Энэ нь коронавирусийн халдварын өвчлөл эрс нэмэгдэж байгаатай холбоотой алхам гэж Канадын Засгийн газрын тэргүүн Жастин Трюдо мэдэгдсэн байна.

Эдгээр орнууд руу нислэг үйлдэхийг гурван сарын хугацаанд зогсоож байгаа аж. Хилийн чанадаас Канадад ирсэн бүхий л хүмүүс коронавирусийн шинжилгээг нисэх буудал дээр өгөх шаардлагатай, харин хариу гартал зочид буудалд хүлээх юм байна. Зочид буудалд байрлах зардлыг ирж буй хүмүүс өөрсдөө төлнө гэж Жастин Трюдо мэдэгджээ. 

 

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн гадаадын иргэд Чех рүү онц шаардлагагүй бол нэвтрэх боломжгүй болжээ. Энэ нь мөн л тус улс дахь коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой юм. 

Чехийн радиогийн мэдээлснээр, тус улсад байнга оршин суугч этгээдүүд, суралцдаг болон Чехийн байгууллагуудад ажилладаг хүмүүс, түүнчлэн ойрын хамаатнууд дээрээ зочлох, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилготой хүмүүсийг хилээр нэвтрүүлэх аж. Түүнчлэн хурим, оршуулгад оролцохоор Чех рүү нэвтрэхийг зөвшөөрсөн байна. Энэ журам хоёрдугаар сарын 15 хүртэл үйлчлэх гэнэ. 

Итали хязгаарлалтаа суллана 

 

Италийн ихэнх бүс нутагт нэгдүгээр сарын 31-ний ням гарагаас хязгаарлалтуудыг сулруулна гэж Эрүүл мэндийн сайд Роберто Сперанца мэдэгджээ. 

Түүний өгүүлснээр хамгийн хатуу хязгаарлалттай "улаан бүс"-д нэг ч бүс нутаг үлдээгүй гэнэ. Таван бүс нутаг "улбар шар бүс"-ийн горимоор, үлдсэн 16 муж нь "шар бүс" буюу хязгаарлалт цөөн нөхцөлд амьдрах гэнэ. 

Нэгдүгээр сарын 29-ний мэдээллээр Италид коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас 87 858 хүн нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдвар авсан хүний тоо 2.5 сад хүрсэн нь Италийн хүн амын 4,1 хувийг эзлэж байгаа юм. Тус улсад сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж байгаа халдварын тоо буурсан байна. Мөн вакцинжуулалтын ажил идэвхтэй өрнөж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 28-ны байдлаар 392.5 мянган хүн вакцинд хамрагджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин