Навальный: Намайг Оросын Ерөнхийлөгч болохоор зочлоорой!

ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный өнгөрсөн оны наймдугаар сард хордож, Германы Берлин хотын эмнэлэгт эмчлүүлснийхээ дараа нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж биеийн байдал нь сайжран, Орос руу буцсан. Түүнийг Германд байх хугацаанд нөхөн сэргээх биеийн тамирын эмчилгээг нь хариуцаж байсан дасгалжуулагч Бьёрн Лебер Навальныйг дасгалжуулж байсан үеийнхээ талаар Германы Der Tagesspiegel сонинд ярьсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр "Албжим" фитнес студийн захирал Бьёрн Лебер рүү утасджээ. Тэрбээр дасгалжуулагчийг англи хэлтэй эсэхийг нь сонирхон, "онцгой үйлчлүүлэгч"-тэй хэсэг хугацаанд хичээллэх захиалга ирснийг дуулгасан гэнэ. Ингээд үүнээс хэд хоногийн дараа өөрийгөө "М" гэж нэрлэсэн орос эмэгтэй холбогдон, "боссыг нь тэнхрүүлэх" шаардлагатай байгааг хэлжээ. Ингээд Франц, Швейцарын хил дээр байх Ибах гэх нам гүмхэн жижиг хотод Бьёрн Лебер Навальныйг дасгалжуулахаар болсон байна.
Дасгалжуулагч "М" гэх эмэгтэйтэй тохиролцсон хаягаар очиход хүмүүс түүний бичиг баримтыг нь шалган, дараа нь биед нь нэгжлэг хийжээ. Ингээд Бьёрн Навальныйг дасгалжуулах 9 долоо хоногийн ажлаа эхэлж, энэ хугацаанд булчин чангалах, боксоор хичээллэх зэрэг дасгалууд бүхий хөтөлбөрөөр Навальныйд нөхөн сэргээх дасгал эмчилгээ хийжээ. Бьёрны өгүүлснээр Навальныйн биеийн байдал гайхмаар хурдан сэргэсэн гэнэ.
Ажлын явцад хамгийн хүндрэлтэй нь хэт их бие хамгаалагч, аюулгүй байдлыг хангасан арга хэмжээнүүд байсан гэж дасгалжуулагч сонинд ярьжээ. "Хажууд үргэлж л цагдаагийнхан байдаг байлаа. Алексей гадаа гарахдаа заавал хамгаалалттай гардаг байсан" гэж Бьёрн өгүүлсэн байна.
Түүнчлэн Орос үйлчлүүлэгчийнх нь амбиц үнэхээр гайхшруулсан гэж Герман дасгалжуулагч өгүүлжээ. "Бид дахиад хэзээ уулзах вэ гэж асуухад тэр инээгээд "Намайг Оросын Ерөнхийлөгч болоход зочлоорой" гэж хариулсан" хэмээн Бьёрн ярьсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ