Хойд Солонгост АЦС байгуулахаар төлөвлөж байсан гэх мэдээллийг няцаав
2021-02-01

Хэдэн жилийн өмнө БНАСАУ-д Атомын цахилгаан станц байгуулах талаар хэлэлцэж байсан гэх мэдээллийг Өмнөд Солонгосын Засгийн газар үгүйсгэжээ. Энэ талаар ТВS радиод Нэгдлийн сайд Ли Ин Ён хоёрдугаар сарын нэгний өдөр мэдэгдсэн байна. 

 

Өмнө нь Өмнөд Солонгосын нэгэн телевизийн суваг Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн захиргаа 2018 оны дөрөвдүгээр сард БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хийх анхны дээд хэмжээний уулзалтынхаа дараа Атомын цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байсныг гэрчлэх баримтууд байгаа хэмээн мэдээлж байсан юм. 

 

Харин үүнийг Нэгдлийн сайд үгүйсгэн, тус яам Хойд Солонгосын нутаг дэвсгэр дээр атомын цахилгаан станц байгуулах талаарх асуудлыг хэзээ ч хөндөж байгаагүй хэмээн онцолсон байна. Түүнчлэн телевизийн сувгийнхны олж авсан гэх баримт бичгүүдийг шалгахад тэнд атомын цахилгаан станц гэж шууд дурдагдсан агуулга байгаагүй гэж сайд онцолжээ. 

 

Энэ бүхэн нь парламентын сонгуулийн өмнө эрх баригч намыг "харлуулах" зорилгоор сөрөг хүчнийхэн хийсэн улс төрийн сэдэлтэй шуугиан гэж Ли Ин Ён мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин