Австри хязгаарлалтуудаа сулруулна
2021-02-02

Энэ сарын наймны өдрөөс эхлэн Австри улсад коронавирусийн тархалттай холбоотой хязгаарлалтуудыг аажмаар цуцална гэж тус улсын канцлер Себастьян Курц мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын наймны өдрөөс эхлэн худалдааны төв, дэлгүүр, гоо сайхны салон, музей, амьтны хүрээлэнгүүд нээгдэх юм байна. Эдгээр байгууллагуудаар үйлчлүүлэх хүмүүс FFP2 хамгаалалтын зэрэглэлтэй амны хаалт зүүж, бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдөх шаардлагатай аж.

 

Түүнчлэн мөн өдрөөс Австрийн дунд сургуулиудын танхимын хичээл эхлэж, иргэд нэгнийдээ зочлохыг зөвшөөрөх бөгөөд гэхдээ нэг дор дөрвөөс дээш насанд хүрсэн хүн цуглахгүй байх журмыг мөрдөх юм байна. Хөл хорио илэрхий үр дүн авчирсан ч Австрид коронавирусийн хувьссан штаммууд тархсаар байгааг канцлер Курц цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, коронавирусийн халдварын дэгдэлттэй тэмцэх үүднээс Австрид хатуу хөл хорио үйлчилж байгаа юм. Дунд сургуулиуд, бэлтгэлийн танхим, соёлын байгууллага болон дэлгүүрүүдийн ихэнх нь хаагдсан байна. Харин энэ хатуу хөл хориог иргэд эсэргүүцэн, нэгдүгээр сарын 31-ний өдөр Вена хотод 5000 орчим хүн коронавирустэй тэмцэх Засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэн жагссан юм. Хэдийгээр аливаа олон нийтийн арга хэмжээг хориглосон ч иргэд ийнхүү олноор цуглан, тэдний дунд неонацист хөдөлгөөнийхөн оролцсоны улмаас зориудаар эмх замбараагүй байдал дэгдээсэн гэж Вена хотын цагдаагийн газар мэдэгджээ.

SHUUD.mn: Хоёрдугаар сарын хоёрны байдлаар Австрид коронавирусийн халдварын тохиолдол 414 мянга бүртгэгдсэнээс 392 мянга нь эдгэрч, 7721 хүн нас баржээ. 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин