COVID-19: Дубайд хязгаарлалтын арга хэмжээг чангатгана

Арабын Нэгдсэн Эмират Улсын эрх баригчид коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх зорилготой хязгаарлалтуудыг чангатгах шийдвэр гаргасан талаар NBC мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсад бүхий л баар, уушийн газрууд хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хаалгаа барих гэнэ. Зоогийн газар болон кафе шөнийн цагаар ажиллахгүй, харин бусад үед тодорхой дүрэм журмыг баримтлан ажиллаж, нэг ширээний ард долоогоос дээш хүн суулгахгүй байхаар үйлчлэх аж. Зочид буудлууд цөөн тооны зочид хүлээнавах бол худалдааны төвүүдийн худалдан авагч, усан сангаар үйлчлүүлэгчдийн тоог ч хязгаарлах журам гаргажээ.
АНЭУ-д шинэ оны баярын дараа коронавирусийн халдварын тохиолдол эрс өссөн байна. Энэ нь баярын үеэр Дубайд олон жуулчин ирсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм. Улмаар орон нутгийн эрх баригчид PCR шинжилгээнд тавигдах шаардлагыг чангатгаж, энэ улсыг зорих хүмүүс ирэхээсээ 96 цагийн өмнө биш харин 72 цагийн өмнө шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж.
Энд дуулгахад, өнгөрсөн оны сүүлээр АНЭУ-д илүү халдвартай гэж тооцогдож буй "Британи штамм" -ын халдварын тохиолдол бүртгэгдсэн юм. Тухайн үед Саудын Араб, Кувейт болон бусад орнууд Европын холбооноос ирэх жуулчдыг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн бол АНЭУ ийм хатуу арга хэмжээ авалгүй, жуулчин хүлээн авсаар байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ