АНУ-ын Ерөнхийлөгч Навальныйг суллахыг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос улс сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг нэн даруй суллах ёстой хэмээн мэдэгдсэнийг Интерфакс дамжууллаа.
"Навальныйг нэн даруй, урьдчилсан нөхцөлгүйгээр суллахыг уриалж байна" хэмээн тэрбээр Төрийн департамент дээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Навальныйтай холбоотой нөхцөл байдалд ихэд санаа нь зовниж байгаа хэмээн нэмж өгүүлжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн наймдугаар сард хордож, Берлинд эмчлүүлэхээсээ өмнө Алексей Навальный 3.5 жилийн тэнсэн харгалзах ялтай байсан юм. Түүнийг сангаар дамжуулан мөнгө завшсан хэрэгт буруутган ийм ял оноосон бөгөөд Германд эмчлүүлэх хугацаандаа тэнсэн харгалзах ялын нөхцөлийг биелүүлж холбогдох албан дээр ирж бүртгүүлээгүй гэж Холбооны шийтгэл гүйцэтгэх алба үзэн, тэнсэнгийн ялыг биеэр эдлэх ял болгон өөрчлүүлэхээр шүүхэд хандсан юм. Улмаар, нэгдүгээр сарын 17-ны өдөр Алексей Навальныйг Берлинээс Москвад газардмагц нь баривчлан саатуулсан бөгөөд хоёрдугаар сарын хоёрны өдөр болсон шүүхээр түүний тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчлөх шийдвэр гаргасан. Навальный гэрийн хорионд байсан хугацааг ялын хугацаанд тооцсоноор 2.8 жилийн хугацааг шоронд өнгөрүүлэхээр болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ