Гаитид Ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн үйлдлийг таслан зогсоожээ
2021-02-08

Гаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моизын амь насанд халдах, төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан хэргээр 23 хүн ням гарагт баривчлагджээ. Тэдний дунд Дээд шүүхийн шүүгчид, цагдаагийн өндөр албан тушаалын офицерүүд байсан гэж Гаитигийн Хуульзүйн сайд Рокфеллер Винсентээс авсан эх сурвалжтайгаар Франс пресс агентлаг мэдээлсэн байна. 

 

"Миний ордны аюулгүй байдлын албаны даргад талархаж байна. Эдгээр хүмүүс миний амь насанд халдах зорилготой байсан. Гэсэн ч энэ төлөвлөгөөг нь тасалдууллаа" хэмээн Гаити улсын Ерөнхийлөгч Моиз мэдэгджээ.

 

Энэ төрийн эргэлтийн ард чухам хэн байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Дэлхийн баруун тал бөмбөрцгийн хамгийн ядуу улс болох, хүн амынх нь 60 хувь нь өдөрт 2 доллараас ч бага өртгөөр амь зуудаг Гаити улс улс төрийн хямралтай байгаа бөгөөд эрх баригч болон сөрөг хүчин өнөөгийн Ерөнхийлөгч хэдий хугацаанд төрийн эрх барих тал дээр маргаантай байгаа юм.

 

Ерөнхийлөгч Моиз өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа жилийн дараа буюу 2022 оны хоёрдугаар сарын долооны өдөр дуусна гэж мэдэгдэж байгаа бол сөрөг хүчнийхэн 2021 оны хоёрдугаар сарын долоонд дуусна гэж үзэж байгаа аж. 

 

Эрх баригчдыг эсэргүүцэгчид олон жилийн туршид жагсаал зохион байгуулж байгаа бөгөөд авлига, гэмт хэргийн нөхцөл байдлыг эсэргүүцсээр байгаа талаар Франс пресс мэдээлсэн байна. Ням гарагт ээлжит жагсаал болж, олон мянган хүн оролцсоныг цагдаагийнхан  нулимс асгаруулагч хий ашиглан тараажээ. 

 

Өмнө нь, 2020 оны хоёрдугаар сард Гаитид төрийн эргэлт хийх оролдлого гарсан талаар тус улсын эрх баригчид мэдээлж байлаа. Тухайнх үед эсэргүүцэгчид Гаитигийн нийслэл Порт-о-Пренс хотод бэхлэлт босгож, харин хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардсан цагдаа нар армийн штаб руу дайрч байжээ.

Shuud.mn
Сонин хачин