Зөвлөлтийн үеийн тагнуулын хэрэгслүүдийг дуудлагаар худалдана
2021-02-09

Цианидээр дүүргэсэн хиймэл шүд, тамхины хайрцагтай адилхан гэрэл зургийн аппаратууд зэрэг Зөвлөлтийн үеийн тагнуулчдын хэрэгслийг энэ долоо хоногт Беверли-Хиллзд дуудлагаар худалдах болсон талаар "Америкийн дуу хоолой" мэдээлжээ. 

 

АНУ-ынJulien's Auctions  дуудлага худалдаанд тавигдсан үзэг, тавганд нуусан микрофон зэрэг тагнуулчдын хэрэгслүүд нь Жеймс Бондын тухай кинонуудаар үзэгчдэд танигдсан хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. 

 

"Эдгээр хэрэгслүүдийг зохион байгуулсан хүмүүс жижиг авсаархан тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарын анхдагчид байлаа. Өнөөдөр хүн бүрт гэрэл зургийн аппарат, микрофонууд байдаг. Харин дуудлага худалдаагаар зарагдах ухаалаг төхөөрөмжүүд нь утас гэхэд л асар том хэмжээтэй байх үеийн хэрэгслүүд юм" хэмээн галерейн захирал Коди Фредерик онцолжээ.

 

Эмэгтэй хүний цүнх, тэлээ, гутлын сойз, зангиа зэрэгт суурилуулсан бичил камерууд дуудлага худалдаагаар зарагдах аж.

 

Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа энэ төрлийн олон ухаалаг төхөөрөмж Дорнод Европд хаягдан, хожим нь, 2019 онд нээгдсэн ч 2020 онд цар тахлын улмаас хаагдсан Нью-Йорк дахь Улсын аюулгүй байдлын хорооны (КГБ)музейд шилжсэн байна. 

 

Энэ бямба гарагт дуудлага худалдаанд тавигдах хэрэгслүүд дунд үхэлд хүргэх цианид агуулсан хиймэл шүд багтах бөгөөд үүнийг 1200 доллараар худалдагдана гэж таамаглаж байгаа аж.

 

"Тагнуулч баригдвал тамлалт эсвэл мэдээллээ алдахаас зайлсхийх зорилгоор шаардлагатай тохиолдолд амиа хорлохын тулд хазах үед эвдэрч, цианид гарахуйц байдлаар шүдийг хийсэн" хэмээн дуудлага худалдааны тайлбарт бичжээ.

 

Дуудлага худалдаанд уруулын будаг, бууддаг үзэг зэрэг хэрэгслүүдийг тавина гэж төлөвлөж байсан ч Калифорнийн зэвсгийн тухай хуулийн улмаас эдгээрийг худалдаанаас татан авах шаардлагатай болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин