Британид коронавирусийн хоёр шинэ мутаци илэрчээ
2021-02-10

Английн баруун өмнөд хэсэгт байх Бристольд коронавирусийн шинэ штамм илэрчээ. Энэ мутаци нь "санаа зовнихуйц" гэх ангилалд багтсаны дээр өнгөрсөн оны намар илэрсэн Британи штаммаас ялгаатай гэж Их Британийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх зөвлөх бүлгийн илтгэлд өгүүлснийг ВВС дамжууллаа. 

 

Түүнчлэн Ливерпүльд өөр нэг хувьссан штамм илэрсэн байна. Үүнийг "судлагдаж буй хувилбар" хэмээн эрдэмтэд ангилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Бристолийн болон Ливерпүлийн штаммаар халдварласан тохиолдол Британид нийтдээ 76 илэрсэн байна.  Гэхдээ эдгээр шинэ штаммуудаас вакцин хамгаалж чадна гэж Английн нийгмийн эрүүл мэндийн алба мэдэгджээ.

 

Британийн эрдэмтдийн мэдээлснээр, одоо тус улсад "санаа зовнихуйц" гэх ангилалд багтах коронавирусийн дөрвөн өөр мутаци байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, 2020 оны намар илэрсэн коронавирусийн Британи штамм АНУ-д хурдацтай тархаж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Хамгийн их тохиолдол Флоридад бүртгэгджээ. Энэ штаммын тархалтын хурд коронавирусийн бусад мутациудын үзүүлэлтээс 35-45 хувиар илүү байгаа гэнэ. Эрдэмтдийн өгүүлснээр, энэхүү вирусийн мутаци нь өмнөх хувилбаруудаас 70 хувиар илүү халдварлах чадвартай бол энэ мутацийн халдвараас үүдэлтэй нас баралт 30 хувиар илүү байж болзошгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин