Б.Ууганбаяр: Тусгаарлалтад 1160 хүн байна
2021-02-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцов. 

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: 

 

-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу ойрын хавьтлуудыг тусгаарлах арга хэмжээг зохион байгуулж байна.  Тусгаарлан ажиглах 19 цэгт 1160 хүн тусгаарлалтад байгаа. Мөн гадны улс орноос татан авалтаар ирсэн 496  хүнийг нийслэлд долоон тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж байна. Орон нутагт 124 иргэн тусгаарлалтад бий. 

 

Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах арга хэмжээг зохион байгуулахад онцгой байдлын байгууллагын 41 албан хаагч, цагдаагийн байгууллагын 81, эрүүл мэндийн байгууллагын 190 нийт 312 төрийн албан хаагч  үүрэг гүйцэтгэж байгаа. 

 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах албад, төрийн цэргийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, улсын онц чухал объект байнгын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Мөн орон нутгийн шуурхай штаб бэлэн байдалд ажиллаж байгаа. 

 

Хоёрдугаар сард гадаад улс орноос монгол иргэдийг татан авах төлөвлөгөөг Улсын Онцгой комиссын даргаар батлуулсан. Эхний хоёр нислэгийг зохион байгуулсан. Дараа дараагийн нислэгийг төлөвлөгөөт хугацаанд нь зохион байгуулна. БНСУ, Япон улсаас нийтдээ 319 иргэнийг татан аваад тусгаарлан ажиглаж байна. 

 

ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу 1500 өрөөг бэлтгэсэн. Шуурхай штаб буяны ажилтай холбоотой өргөдөл гомдол хүлээн авч, өдөрт нь шийдвэрлэн ажиллаж байгаа. Өдөрт дунджаар 30 гаруй өргөдөл шийдвэрлэдэг. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин