COVID-19: Вакцины "очер дайрсан" улс төрчдийг тойрсон шуугиан
2021-02-16

Перу улсын Гадаад хэргийн сайд Элизабет Астет Родригес зохих дарааллаасаа өмнө вакцин хийлгүүлсний улмаас албан тушаалаасаа огцорчээ. Тэрбээр судалгааны бүлэгт зориулагдсан вакциныг тариулсан гэж тус улсын Ерөнхийлөгч Франсиско Сагасти мэдэгдсэнийг El Сomercio мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Перу улсын Эрүүл мэндийн яам Хятадын Синофарм компанийн боловсруулсан вакцин худалдан авчээ. Үүнээс 2000 тун вакциныг судалгааны бүлэгт зориулан авсан байна. Тус улс Хятадаас 300 мянган тун вакцин нийлүүлсний дараа хоёрдугаар сарын есний өдрөөс вакцинжуулалтаа эхэлжээ. Вакцинжуулалтыг гурван үе шаттайгаар хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, дараа нь архаг хууч өвчинтэй хүмүүс болон 60-аас дээш насныхан, үүний дараа 18-59 насныханд урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөсөн байна.

 

Харин ийнхүү дараалал гарган, төлөвлөсний дагуу вакцинжуулалт явж байхад сайд "очер дайрсан" хэрэг ихээхэн шуугиан тарьжээ. 

 

"2020 оны 12 дугаар сар болон 2021 оны нэгдүгээр сард коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсан албаны этгээдүүдтэй уулзсаны дараа надад 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Синофарм вакцины эхний тунг хийлгэхийг санал болгосон" хэмээн сайд асан Элизабет Астет Родригес үйлдлээ талйбарлажээ. 

 

Сайд вакцины "очер дайрсан" нь Перуд гарсан цорын ганц үйлдэл биш юм. Өөр хэд хэдэн өндөр албан тушаалтан товлосон хугацаанаас өмнө вакцинд хамрагджээ. Өмнө нь албан тушаалд байх үедээ вакцин хийлгэсэн Ерөнхийлөгч асан Мартин Вискаррыг тойрсон дуулианы улмаас Эрүүл мэндийн сайд Пилар Маццетигийн огцрох хүсэлтийг хүлээн авсан талаар тус улсын Ерөнхийлөгч мэдэгдэж байлаа. Улмаар хуваариасаа өмнө вакцин тариулсан тохиолдлуудыг шалгахаар Перуд тусгай комисс байгуулагджээ. Харин өнөөгийн Ерөнхийлөгч хуваарийн дагуу хоёрдугаар сарын 10-ны өдөр коронавирусээс сэргийлэх тарилга хийлгүүлсэн байна.

 

Бусад орнууд дахь дуулиан 

Перуд гарсантай ижил дуулиан бусад орнуудад ч өрнөж байна. Тухайлбал Польш улсад Варшавын Анагаах ухааны их сургуулийн захиргаа олны танил хүмүүсийг дараалал харгалзалгүй вакцинд хамруулсны улмаас торгуульжээ. Тодруулбал тус улсад эмнэлгийн ажилтнууд нэн тэргүүнд вакцинд хамрагдах хуваарьтай бөгөөд харин Варшавын Анагаах ухааны их сургууль алдартнуудыг эмч хэмээн бүртгэж, вакцин тарьсан байна. Түүнчлэн Польшийн эрх баригч "Дэг журам ба шударга ёс" намын улс төрчид дараалал үл харгалзан вакцин тариулсан талаар Польшийн хэвлэлүүд мэдээлжээ.

 

Испани улсад ч дараалалгүй вакцин хийлгүүлсэн шуугиан гарсан юм. Энэ улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, генерал Мигель Анхель Вильярроя товлосон хугацаанаас өмнө коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулахын тулд албан тушаалаа ашигласны улмаас огцорчээ. Харин Литва улсад хуваарьт хугацааг зөрчсөн этгээдүүдэд 500-1500 евро, хуулийн этгүүдэд 1500-6000 еврогийн торгууль ноогдуулах шийдвэр гарсан байна.

 

Дэлхийн олон оронд вакцинд итгэх итгэлийг ард түмэндээ төрүүлэхийн тулд өндөр албан тушаалтнууд олны өмнө вакцин тариулах жишиг тогтож байгаа юм. Харин энэ жишгийг Латви дагасан ч ард түмэн нь үүнд дургүйцжээ. Өнгөрсөн долоо хоногт Латвиийн улс төрчид олны өмнө коронавирусийн вакцин тариулсан ч тэд хэт залуу, нэн тэргүүнд вакцинд хамрагдах хүмүүсийн бүлэгт багтаагүй байж дараалал үл харгалзан вакцинжуулалтад хамрагдсан гэх шүүмжлэл газар авсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ккк:
Оо манайд бол эсрэгээрээ Ерөнхий Сайд минь эхэлж тариулна шүү дээ. Хөөрхий бидний өмнөөс ЭР ЗОРИГ ГАРГАЖ ЭХЭЛЖ ТАРИУЛНА. Болохоос БАЯРЛААД БАЙХЫН. ККК
2021-02-16