COVID-19-ийн вакцины тухай ҮНЭН, ХУДАЛ

img

Коронавирусээс сэргийлэх вакцин үхэлд хүргэж байна гэх мэдээлэл олон орны ахмад настнуудын асрах байранд нас баралт бүртгэгдсэний дараа хэвлэлүүдээр олноор гарах болсон юм. Вакцин тариулаад нас барсан гэх мэдээлэлд итгэж болох эсэхийг Германы Дойчи Вилли агентлаг шалгажээ. Германы агентлаг Герман, Испани, АНУ, Норвеги, Бельги, Перу улсад сүүлийн үед гарсан вакцинтай холбоотой нас баралтын тохиолдлуудыг судлан, вакцин болон нас баралт хоорондоо хамааралгүй байсныг мэдээлсэн байна. 

 

Герман: "Вакцины тариулсны дараа нас барсан" -ХУДАЛ

Коронавирусээс сэргийлэх вакцины улмаас нас барсан нэг ч тохиолдол Германд бүртгэгдээгүй байна. Германы вакцин, био анагаахын эм бэлдмэлийн холбооны хүрээлэн болох Паул Эрлихийн нэрэмжит хүрээлэн 2021 оны нэгдүгээр сарын тайландаа вакцин тариулсан хүмүүсийн дундаас 113 нас баралт бүртгэгдсэн гэж мэдээлжээ. Нас барсан хүмүүс 46-100 хүртэлх насны, 71 нь эмэгтэй, 38 нь эрэгтэй, дөрвөн тохиолдолд хүйснийг нь заагаагүй байсан гэнэ. Тэдний дундаж нас 84 байсан бөгөөд нас баралт бүгд вакцин хийлгэснээс хойш хэдэн цагаас эхлээд 19 хүртэлх өдрийн дотор бүртгэгдсэн гэж тайланд өгүүлжээ. 

 

Хүрээлэнгийн мэргэжилтний өгүүлснээр, вакцин тариулсан 20 өвчтөн COVID-19 гэсэн оноштойгоор нас барсан бол тэдний 19 нь вакцины хоёр дахь тунгаа хийлгээгүй байжээ. Мөн 43 хүн архаг хууч өвчинтэй байсны улмаас вакцинтай хамааралгүйгээр суурь өвчин нь хүндэрснээр нас барсан байна. Эдгээр хүмүүс нь хавдар, бөөрний дутагдал, зүрхний шигдээс, судас хатуурал зэрэг оноштой байсан нь нас баралтын гол шалтгаан болсон гэж хүрээлэнгийн мэргэжилтнүүд онцолсон байна. 

 

Түүнчлэн коронавирусийн вакцины дараа бүртгэгдсэн нас баралтын тоо вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд гарч болзошгүй нас баралтын тооноос бага байсан гэж Поль Эрлихийн хүрээлэн дүгнэжээ. Мөн "энэ нь нас баралтын түвшнийг нэмэгдүүлэх тухай биш, нас баралтууд нь вакцинтай холбоогүй гэдгийг батлах баримт" хэмээн онцолсон байна. 

 

Германд  BioNTech/Pfizer болон Moderna компаниудын вакцинуудыг ашиглаж байгаа юм. Энэ хоёр вакцин хоёулаа аюулгүй байдлын өндөр түвшинтэй гэж Германы мэргэжилтнүүд онцолжээ.

 

Испани: "Пфайзерын дараа ахмадын байранд 9хүн нас барсан"

BioNTech/Pfizer вакцины эхний тунг хийлгэсний дараа ахмадын асрах байрны есөн хүн нас барсан талаар Испанийн хэвлэлүүд мэдээлж байв. Тэд бүгд архаг хууч өвчинтэй байжээ. Ахмадын асрах байрны захирлын өгүүлснээр, вакцин хийлгэснээс тав хоногийн дараа ахмадуудад толгой өвдөх, суулгах шинж тэмдгүүд илэрсэн байна. Энэ нь тарилгаас үүдсэн шинж тэмдгүүд гэж эмч өгүүлжээ.

 

Ахмадууд нас барсан хэргийг шалгахад 9 тохиолдол бүгд коронавирусийн халдварын хүндрэлээс үүдэлтэй байсан гэнэ. Тухайн асрах байранд вакцинжуулалт эхэлсэн өдрүүдэд коронавирусийн халдвар дэгдчихсэн байсан аж. 

 

Халдварын далд үед (коронавирусийн халдварын далд үе 5-6 хоног) тарилга хийсэн бол вакцины дараа ч COVID-19-өөр өвчлөх боломжтой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Учир нь вакцины эхний тунг хийснээс 10-14 өдрийн дараа организмд халдвараас хамгаалах дархлаа үүсч эхэлнэ гэж Германы Роберт Кохын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ. 

 

АНУ: "Вакцины дараа 181 хүн нас баржээ"

Ийм мэдээлэл Энэтхэгийн хэвлэлүүдээр ихээхэн түгсэн бөгөөд энэ мэдээллийг Children´s Health Defence гэх байгууллагын хэвлэлийн мэдээн дээр тулгуурлан цацсан байна.  Энэ байгууллага нь вакцины талаар хуурамч мэдээлэл түгээдэг, урьдчилан сэргийлэх тарилгаас татгалзахыг уриалдаг вакцинжуулалтыг эсэргүүцэгчдийн нэгдэл аж.

 

Хэдийгээр хэвлэлийн мэдээлэлд тоон баримтыг "АНУ-ын Засгийн газрын мэдээллийн сангаас авсан" гэх өгүүлбэр байх ч "вакцинжуулалтыг эсэргүүцдэг Америк дахь хамгийн нөлөө бүхий байгууллага" гэж шинжээчид нэрлэдэг Үндэсний вакцинжуулалтын талаарх мэдээллийн төвийн (NVIC) сайт дээр нас баралтын талаарх тоон мэдээлэл байжээ.

 

NVIC мэдээллээ Вакцины сөрөг нөлөөнүүдийн талаарх тайлангийн систем (VAERS)-ээс авсан гэж мэдэгдсэн байна. VAERS  нь вакцин боловсруулагчдыг вакцинаас үүдэлтэй эсэхээс үл хамааран тарилгын дараах өвчтөний биеийн байдлын талаарх мэдээллийг өгөхийг вакцин үйлдвэрлэгчдэд уриалдаг байна. Гэхдээ энэ системд байгаа мэдээллийг дүгнэлт хийхэд ашиглаж болохгүй, өөр шинжлэх ухааны мэдээлэлтэй хавсарган ашиглах боломжтой гэж анхааруулдаг аж. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв ч энэ систем дэх мэдээлэл зөрүүтэй байдгийг анхааруулдаг юм. 

 

Норвеги: "Тарилгын дараа ахмадын асрах байранд 30 хүн нас барсан"

Мөн ийм мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр ихээхэн тархаж байв. Нэгдүгээр сарын 28-ны байдлаар Норвегийн эмнэлгийн агентлаг вакцинжуулалттай холбоотойгоор ахмадын асрах байранд нийтдээ 33 хүн нас барсан гэх асуудлыг шалгасан байна.

 

Шалгалтын дүнгээр, "ахмадын асрах байранд амьдардаг, тарилга хийлгүүлсэн  хүмүүс ихэнх нь эрүүл мэнд дорой, эсвэл архаг хууч өвчинтэй байна " гэж дүгнэжээ. "Норвегийн ахмадын асрах байр болон өөр энэ төрлийн байгууллагуудад өдөрт дунджаар 45 хүн нас бардаг. Тарилгын дараа нас баралт бүртгэгдсэн нь вакцинтай хамааралгүй" хэмээн Норвегийн эмнэлгийн агентлаг дүгнэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ