Мэдэмхийрэл бус мэргэшил, мэдлэгээр тодорно шүү, гишүүд ээ
2021-02-17 10:29

 

Шинэ парламент анхны намрын чуулганаа завсарлуулаад байна. Чуулганы завсарлагааны энэ цагт гишүүд тойрогтоо ажиллах хязгаарлагдмал байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн сонгогдсон Баянхонгор аймагтаа Сар шинийн өмнө очсон мэдээллийг эс тооцвол бусад гишүүд хаана, юу хийж яваа нь тодорхойгүй. Чуулганы завсарлагаар ажлын хэсэгт багтсан гишүүдиийн тухайд завгүй өдрүүд байдаг. Тэд ирэх чуулганд бэлтгэх хууль, тогтоолын төсөл дээр ажиллаж, тойрогтоо ажиллах хугацаа нь хомс байдгийг өмнөх парламентын гишүүд ярьсаар ирсэн. Харин энэ удаад ажлын хэсэгт багтсан гишүүдэд боломж нээлттэй,  ирцээ бүрдүүлэх гэж цаг алдахгүй,  цахимаар хуралдаж байгаа биз.

 

 Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэгдсэн чуулган 82 хоног хуралдаж, намрын чуулганаар нийт 87 хууль, УИХ-ын 45 тогтоол хэлэлцэж баталжээ. Намрын чуулган коронавирусийн цар тахлын улмаас гамшгийн үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой үед үйл ажиллагаа явуулсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой Төрийн ордонд ч хөл хорио, хязгаарлалт тогтоосон нь олон нийт шинэ  парламент, шинэ гишүүдийн үйл ажиллагааг  цахимаар хүлээн авч байлаа.  Намрын чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай, Шүүхийн тухай, Авлигатай тэмцэх тухай,  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг  зэрэг олон хуулийн төслийг хэлэлцэн баталж, Коронавирусийн цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг 6 сараар сунгалаа гээд албаны ажлуудыг дурдвал урт жагсаалт хөвөрнө. Харин шинээр сонгогдсон гишүүдийн тухайд хэр байв, намрын чуулганаараа парламентын дэгд суралцав уу.

 

Хэдийгээр өнгөрсөн жил УИХ-ын сонгууль явагдаад, парламент бүрдээд, нэг чуулганаа хуралдуулаад байгаа ч зарим гишүүд ажил үүргийн байдлаараа ч, олонд танигдах өнцгөөрөө ч “шинэ” хэвээрээ л байна. Энэ нь цар тахлын үеийн цахим орчинд ажилласан гэхээсээ хувь улстөрчөөс хамааралтай.

 

Үүнийг өөрсдийн мэргэшил,  ур чадвараараа шигшигдсэн гишүүдэд намрын чуулганы хугацаанд онцгойрч байсан гишүүд гэрчилнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа нарын шинэ гишүүдийн чуулганы хуралдаанд хэлж байгаа үг, үйлдэл анхаарлыг татаж, сонголт зөв байсныг гэрчлэн, олны  ам сайтай байлаа. Харин ямар нэг байдлаар тодрох гэсэн,  амбицаа барьж чаддаггүй, мэдээлэл дутмаг, мэдэхгүй зүйлээ мэдэмхийрхэн ярьсан,  гишүүдийн хувьд  шүүмжлэлд өртөх, олны дургүй зэвүүг хүргэх үзэгдэл хэдэнтээ харагдсан. Гишүүд хуулийн төсөл дээр ажиллахдаа гадаад улс орны жишээг татах нь олонтаа байдаг. Аль ч парламентад хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсэг манай улсад төдийлөн нэвтрээгүй асуудалд гадаад орны туршлагыг судалж, харьцуулж, үр дүн нь хаана, ямар байсныг жишээлэн хэлэх нь зүйн хэрэг. Харин энэ удаагийн парламентын гишүүд гадаад улс орны жишээг судалгаа хэлбэрээр бус өөрсдөө сурч, амьдарч байснаараа жишээлэн ярих нь нэн хөнгөн, гэнэн. Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбоотой баахан зүйл ярьж байснаа, цаг дуусахын өмнө /гишүүд нэг удаад дөрвөн минут, нэмэлтээр нэг минут ярих дэгтэй/ “Миний сурч байсан Канадад, манай японд ингэдэг, ийм зүйл байдаггүй” гээл хувь хүн дээрээ наалдуулан ярих. Энэ нь улстөрчийн  судалгаа бус сурч, амьдарч байснаар илэрхийлэх гэсэн хувь хүний хандлагаар илэрч байгаа үзэгдэл.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах саналыг УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын зүгээс Ерөнхийлөгчийн саналд ямар нэг хариу тайлбар өнөөдрийг хүртэл гаргаагүй байгаа. Энэ асуудлаар хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүдэд хүртэл уриална лээ, Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны тоолол эхэлсэн, цар тахлын онцгой байдлын энэ үед УИХ хаврын чуулган хүртлээ завсарлагаагаа үргэлжлүүлэхгүй л болов уу. Энэ онцгой цаг үед ээлжит бус чуулганаа хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга гаргах байх. 

 

Олны анхаарлын төвд байх бичигдээгүй хууль улстөрд үйлчилдэг ч  өнөөдрийн сонгогчид, олон нийт хэлбэрдэж, хийрхсэн улс төрийг хүлээж авахаа больсоныг, цахим орчинд ёжлол, ёгтлол хөвөрдгийг улстөрчид, тэр дундаа шинэ гишүүд илүүтэй анхаармаар. Ирэх чуулгануудаар парламент хууль хууль, тогтоолын төслүүдийг үргэлжүүлэн хэлэлцэн батална. Тэр бүхэн дээр суурь судалгаагаар жишээлэхээс бус сурч, амьдарч байснаа илэрхийлмээргүй байна. Мэдэмхийрэл биш мэргэшил, мэдлэгээр л өөрийгөө таниулж, тодорно шүү, шинэ гишүүд ээ.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Yag unen. Nam dagasan doldoinuudiin medleg chadvar tolgoi uhaan ali ni ch gishuunii shaardlagiig hangahgui baigaa ni tuilin unen.
2021-02-18
zochin:
Xarin tiimee. Ene udaagiin parlamentiin gishuudiin xelj yarij baigaa ni arai bishee. Xel am ni evlexgui xelex gesen aguulamj ni oilgomjgui ix l xetsuu bna daa. Yaana daa yaana. Tegeed tor tushine geed baigaa. Bolovsrol medleg turshlaga biee avch yavaa baidal geed ulaan noil. Teneg yum daa bid oorsdoo l buruutai. Gonshignood yaavav
2021-02-17
Yag unen. Nam dagasan doldoinuudiin medleg chadvar tolgoi uhaan ali ni ch gishuunii shaardlagiig hangahgui baigaa ni tuilin unen.
Новшоо:
Энэ удаагийн Гишуудийн яриа нь ичэж ухмээр долгинуур бялдуучын туйлнууд,, Аймшигтай тэнэг зуйл ярьдаг нудний булайнууд :::’жж
2021-02-17