Гадаадын оюутнуудыг ОХУ руу ирэхийг зөвшөөрчээ
2021-02-17

Оросын хэрэглэгчийн хяналтын газар гадаадын оюутнуудыг тодорхой нөхцлүүдээр Орост ирж, хичээлдээ суухыг зөвшөөрсөн талаар Интерфакс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гадаадын иргэд коронавирус илрүүлэх PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсныг батлах орос эсвэл англи хэл дээрх эмнэлгийн бичигтэй байх, энэ шинжилгээг Орост ирэхээсээ гурваас дээшгүй хоногийн дотор авсан байх ёстой аж. Түүнчлэн оюутнууд Орост ирснээсээ хойш хуанлийн гурван өдрийн дотор дахин PCR шинжилгээ өгч, хариу гартал тусгаарлагдах юм байна.

 

Оросын их дээд сургуулиудын танхимын сургалт хоёрдугаар сарын наймны өдөр эхэлсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны хоёрдугаар сарын зургааныг хүртэл оюутнууд алсын зайн сургалтаар хичээллэж байсан юм.

 

Коронавирустэй холбоотой хязгаарлалтын улмаас 300 мянга гаруй гадаадын оюутан Орос руу явж, хичээлдээ суух боломжгүй болсон талаарх мэдээлэл гарч байлаа. Оросын их дээд сургуулиуд хаврын улирлын хичээлийг алсын зайн сургалтад шилжүүлж, ихэнх оюутнууд гэр гэртээ харьсан байна. Өнгөрсөн зуны сүүлээр Оросын их дээд сургуулиудын танхимын хичээл сэргэх талаарх мэдээлэл гарсан ч хил хаалттайн улмаас гадаадын оюутнууд танхимын хичээлд хамрагдах боломжгүй болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин