Вакцинаас өмнөх олон сая хүний амь буюу вакцины түүх
2021-02-18

 

Коронавирусийн цар тахал дөнгөж дэгдэх үед дэлхий дахин тэр чигтээ л вакцин гараасай гэж залбирч байв. Харин вакцин гарсны дараа "хийлгэнэ", "хийлгэхгүй" гэж хоёр хуваагдах нь тэр. Өнөөдөр манай улсын олон нийтийн сүлжээнд өрнөж буй элдэв маргаан ч вакцинтай холбоотой. Нэг хэсэг нь вакцины тухай үнэн зөв мэдээллийг түгээх гэж оролдох зуур ихэнх хэсэг нь вакциныг эсэргүүцэж, "эрх чөлөө боомиллоо, хор тариулахгүй" гэж шаагилдах. Гэхдээ энэ нь зөвхөн монголчууд харанхуйдаа вакциныг эсэргүүцээд ч байгаа хэрэг биш бололтой. Дэлхий дахинд вакцин эсэргүүцэгчдийн томоохон нэгдэл хэдийнэ үүсчээ. Европын орнуудад хийсэн судалгаагаар вакцинд итгэх итгэл 40-50 хувьтай гэж гарсан байна. Гэтэл анхны вакцин бүтээгдээд хэдэн зууныг элээжээ.

 

Түүх ингэж эхэлнэ 

 

XIX зуун хүртэл Европын эмч нар өргөн дэлгэрсэн, үе үе давтагддаг томоохон тахлыг сөрөн зогсоход хүч нь мөхөсддөг байв. Ийм өвчнүүдийн нэг нь "цагаан цэцэг" байжээ. Жил бүр дэлхий даяар  олон сая хүн энэ өвчнөөр халдварлаж, өвчилсөн хүмүүсийн 20-30 хувь нь нас барж байсан бол эдгэрсэн хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй болох нь ч олонтаа байж. 

 

XVIII зуунд Европын орнууд дахь нийт нас баралтын 8-20 хувь нь "цагаан цэцэг" байсан тул чухамхүү энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэрэгтэй болжээ. Салхин цэцгээр өвдсөн хүн дахин халдвар авахгүй байгааг эртнээс анзаарсан тул хүнд өвчнөөс сэргийлэхийн тулд цагаан цэцгийн хөнгөн хэлбэрийг үүсгэх оролдлого хийж байсан гэнэ. 

 

Эрт цагт Энэтхэг, Хятадад "цагаан цэцэг"-ийн хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсээс авсан хөөсөөр хийсэн шингэнээр эрүүл хүмүүсийг тарьдаг байжээ. Түүнчлэн манай эриний 1000 онд Энэтхэгт вакцинжуулалтын уламжлал үүссэн гэх баримт ч бий. 

 

Вакцин гэх нэршил нь  үхрийн вирусийн өвчлөл болох vaccinia гэх үгнээс гаралтай. Английн эмч Эдвард Женнер салхин цэцэг өвчин туссан үхрээс гарган авсан вакциныг Жеймс Фиппс гэх хүүд 1796 онд тарьж байжээ. Үүнээс 100 жилийн дараа Луи Пастер вакцинжуулалтын гол зарчмыг томъёолсон байна.

Вакцин хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн түүх 

 

Цагаан цэцгийг вакцинжуулалтын ачаар давсан нь энэ салбар дахь хамгийн том амжилтын түүх гэхэд болно. Хорьдугаар зуунд гэхэд л энэхүү халдварт вирусийн өвчин 300 сая гаруй хүний амийг авч оджээ.

 

Олон оронд энэ өвчнөөс сэргийлэх арга сэдэн туршиж, төдийлөн амжилт олоогүй байсан бол Английн фермерүүд үхрийн цагаан цэцэг хүнд халдварлах хэдий ч үхэлд хүргэдэггүй гэдгийг анзаарсан байв. Үүнийг дээр дурьдсан эмч Эдвард Женнер судлан, үхрийн цагаан цэцэг өвчин дээр суурилсан найдвартай, аюулгүй вакциныг гарган авчээ. Гэсэн ч хүмүүс үүнд төдийлөн итгэдэггүй байв. Харин Британийн арми болон флотын алба хаагчид албан журмаар энэ вакциныг хийлгэж, тэдэнд ямар ч муу зүйл тохиолдоогүй тул эргэлзээ тайлагдсан гэдэг. Энэ хооронд хэдийнэ 500 мянган хүн амиа алджээ. 

 

Үүнээс 100 жилийн дараа вакцины үндсэн зарчмыг томъёолсон Луи Пастер үхрийн өвчнөөс тарилга гарган авсан Женнер эмчийг хүндэтгэн, тарилгыг францын vache буюу үхэр гэх үгийн үндэстэйгээр вакцин гэж нэрлэхийг санал болгосон байна.

 

Буурай орнуудад цагаан цэцэг дахин зуу гаруй жил дэгдсэн хэвээр байж, гагцхүү 1967 онд ДЭМБ-ын эхлүүлсэн олон нийтийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах хөтөлбөр энэ асуудлыг шийджээ.

 

Халдварт саа

 

Энэ өвчин цагаан цэцгээс бага хүний аминд хүрсэн ч амьд үлдсэн хүмүүс илүү зовлонг туулж байв. Ихэвчлэн бага насныханд халдварладаг энэ өвчний вирус амаар дамжин организмд орж, дараа нь цус руу орон, мэдрэлийн системийг гэмтээснээр, ихэвчлэн эдгэшгүй саажилт үүсгэдэг байна. 

 

Энэ халдвар ихэвчлэн хөл саажуулдаг ч 10 өвчтөн тутмын нэг нь уушгины булчингийн саажилтын улмаас амьсгалах боломжгүй бол нас барж байдаг гэнэ. Ийм өвчтөнүүдийн цорын ганц найдвар нь 1920-иод онд бүтээгдсэн, "Төмөр уушги" нэртэй тусгай камер дахь уушгины хиймэл амьсгал байлаа. Ийм төхөөрөмж дотор хүмүүс олон хоногийг, заримдаа бүр үлдсэн амьдралаа өнгөрөөдөг байжээ. 

 

Халдварт саа өвчин нь гадаад шинж тэмдэггүй тул 1905 онд л Шведийн эмч Ивар Викман халдварт шинж чанарыг олж тогтоосон байна. Харин 1952 онд Америкийн эмч Жонас Салк халдварт саагаас сэргийлэх вакцин бүтээж, 1961 онд түүний хамтран ажиллагч Альберт Сейбин тариулах биш харин залгиж болдог сайжруулсан хувилбарыг бүтээснээр АНУ, Европд өвчлөл эрс буурав. 

 

Вакцинжуулалтын түүхэнд хараар бичигдсэн, хамгийн аймшигт алдаануудын нэг нь энэ өвчний тарилгатай холбоотой. 1955 онд Америкийн Cutter Laboratories фирм алдаа гаргаж, халдварт саагийн амьд вирусийг агуулсан 100 мянга гаруй бэлдмэлийг  үйлдвэрлэжээ. Үүний улмаас 10 хүүхэд нас барж, 160 хүүхэд насан туршдаа саажилттай болсон аж.

 

Харин 1988 онд ДЭМБ дэлхий даяар халдварт сааг устгах хөтөлбөр эхэлсэн талаар зарлаж, 1994 онд АНУ энэ өвчнийг устгасан хэмээн зарлаж байв. Харин манай улс энэ өвчнийг устгасан гэж 2000 онд мэдэгдэж байсан юм.

 

Улаанбурхан 

 

Улаанбурханы вакцинжуулалт амжилт, бүтэлгүйтлийг аль алиныг нь дагуулсан юм. Хэдэн жилийн өмнө дэлхий дахины анхаарлыг татаж байсан Африк дахь Эболагийн дэгдэлт 20 мянган хүний аминд хүрсэн бол улаанбурхан өвчний вакцин 1963 оноос эхлэн түгээгдэж байгаа ч 2019 онд энэ өвчний улмаас 207.5 мянган хүн нас баржээ.

 

Ханиах найтаах үед шүлсний дуслаар, эсвэл шууд хавьтлаар дамждаг энэ вирусээр халдварласан үед өндөр халуурч, биеэр тууралт гарч, хүндэрсэн үед суулгаж, ханиалгаж, хүндэрдэг байна. Вакцин бүтээгдэхээс өмнө улаанбурхан өвчин жилд 2.6 сая хүний аминд хүрдэг байжээ. Вакцин гарсан ч энэ өвчнийг бүрэн устгаж чадахгүй байна. Учир нь энэ өвчин халдварлах чадвар маш өндөр тул нийт хүн амын 95 хувийг хамруулж байж л сүргийн дархлаа тогтдог аж. 

 

Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээний ачаар ихээхэн тархаж буй "вакцин эсэргүүцэгчид"-ийн үзэл бодлын улмаас АНУ, Европт улаанбурханы өвчлөл дахин нэмэгдэх болжээ. Үүнд том хөшүүргэ болсон хүчин зүйл нь Британийн эмч Эндрю Уэйкфилдийн 1998 онд хэвлүүлсэн нийтлэл байв. Шуугиан тарьсан энэ нийтлэлд улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний хосолсон вакцин нь хүүхдүүдэд аутизм үүсгэдэг гэсэн байжээ. Хэдийгээр хожим нь энэ нийтлэлийг няцааж, Уэкфилд хуурамч мэдээлэл түгээснийхээ төлөө эмчийн зөвшөөрлөө алдсан ч түүний тарьсан балаг өнөө хэр үргэлжилсээр л байна.

Өдгөө дэлхийн 26 оронд 94 сая хүнд хийх товлолт тарилга хөл хорионы улмаас хойшлогдсон бөгөөд ердөө найман улс л улаанбурханаас сэргийлэх вакцинжуулалтаа сэргээжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин