COVID-19: Улс орнууд вакцинд хамрагдсан иргэдэд хилээ нээж байна

Дэлхий даяар нүүрлэсэн цар тахлыг даван гарахаар улс орнууд хилээ хааж, гадаадын иргэдийг хүлээн авалгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн. Харин вакцин гарснаар нөхцөл байдал өөрчлөгдөж, олон орон вакцинд хамрагдсан байх нөхцөлтэйгээр гадаадын иргэдэд хилээ нээж байна.
Израиль улс хоёрдугаар сарын 21-ний ням гарагаас эхлэн коронавирустэй холбоотой хязгаарлалтуудаа аажмаар цуцалж эхэлжээ. Ингэснээр худалдааны төвүүд, зах, номын сан, музей үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ.
Харин коронавирусээр өвдөөд эдгэрсэн эсвэл урьдчилан сэргийлэх вакцин тариулсан хүмүүс энэ өдрөөс эхлэн фитнес, усан сан, соёлын болон спортын арга хэмжээнд оролцох эрхтэй болсон бөгөөд эдгээр газруудад үйлчлүүлэхдээ "ногоон паспорт" үзүүлэх ёстой аж. Гэхдээ худалдааны төв, дэлгүүр, номын сан, музей, наран шарлагын газруудаар үйлчлүүлэхдээ ийм бичиг баримт шаардлагагүй гэж The Jerusalem Post мэдээлжээ. .
Израильд сар хагасын өмнөөс хатуу хөл хорио үйлчилж байгаа ч хүн амыг олноор вакцинжуулах ажил эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчид аажмаар хязгаарлалтуудыг цуцалж байгаа юм.
Гүрж вакцинд хамрагдсан гадаадын иргэдийг хүлээн авна
Израиль улс ийнхүү вакцинд хамрагдсан иргэддээ зориулж зарим хязгаарлалтаа цуцалж байгаа бол Гүрж улс вакцинд хамрагдсан гадаадын иргэдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэхээр болсон юм. Тус улсад хоёрдугаар сарын нэгний өдрөөс олон улсын нислэг нээгдсэн бөгөөд вакцинд хамрагдаагүй хүмүүсээс коронавирусийн тестийн сөрөг хариу шаардах аж.
Ингэснээр гадаадын иргэд коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсаныг батлах баримт бичигтэй бол Гүрж рүү чөлөөтэй нэвтэрч, тусгаарлалтад орохгүй байх боломжтой болжээ. Гэхдээ хоёрдугаар сарын нэгнээс зөвхөн агаарын харилцаа нээгдсэн, хуурай замын хил хаалттай хэвээр байгаа юм.
"Дэлхийн аль ч орны иргэн ковидын вакциныг тариулсан гэсэн батлах баримт бичгээ үзүүлэн Гүрж рүү чөлөөтэй нэвтэрч болно. Вакцинд хамрагдсан хүмүүсийн тоо дэлхий даяар өсч байна, эдгээр нь манай эхний зорилтот бүлэг юм" хэмээн тус улсын Эдийн засгийн сайд мэдэгджээ.
Гүрж улс цар тахлын улмаас өнгөрсөн оны гуравдугаар сард хилээ хааж, олон улсын тогтмол нислэгүүдээ зогсоосон юм. Хожим нь хязгаарлалтуудыг сулруулж байлаа. Гадаадаас ирж буй бүх хүн 8-14 хоног тусгаарлагдаж, коронавирусийн тест өгөх шаардлага тавьж байв.
Харин шинэ гарсан журмын дагуу, вакцин тариулсан хүмүүс чөлөөтэй нэвтрэх бол бусад хүмүүс ирэхээсээ 72 цагийн дотор тест өгсөн байх, Гүржийн нутаг дэвсгэрт ирээд гурав дахь хоног дээрээ дахин шинжилгээ өгөх шаардлагатай аж.
Кипр тусгаарлалтгүйгээр жуулчдыг хүлээн авна
Гуравдугаар сарын нэгнээс Кипр улс нутагруугаа нэвтрэх шаардлагуудыг сулруулан, жуулчдад хилээ нээж байгаа талаар тус улсын Аялал жуулчлалын сайд Саввас Пердиос мэдэгджээ.
Кипр улс 56 оронтой хийх нислэгээ сэргээх бөгөөд улс орнуудыг тахлын нөхцөл байдлаар нь хэд хэдэн бүлэгт хуваасан байна. Ногоон бүлэгт Европын холбооны бүхий л улс, улбар шард Европын эдийн засгийн бүсийн орнууд болон Их Британи, Швейцар, улаан бүсэд ЕХ-ны жагсаалтад багтсан бусад орнууд багтжээ.
Ногоон бүлгээс ирсэн жуулчид коронавирусийн шинжилгээ өгөхгүй, харин улбар шар бүлгийн орноос ирсэн зорчигчид онгоцонд суухаасаа өмнө коронавирусийн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэх ёстой. Харин улаан бүлгээс ирэх зорчигчид Кипрт ирэхээс 72 цагийн дотор болон тус улсад газардмагцаа коронавирусийн шинжилгээ өгөх ёстой аж. Хэдийгээр гадаадын жуулчдыг шинжилгээ өгөхийг шаардаж байгаа ч тусгаарлахгүй гэж Киприйн эрх баригчид мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ