Байден, Харрис нар COVID-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэнэ
2021-02-22

Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагааг АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден болон дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар зохион байгуулах талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснийг Регнум агентлаг дамжуулжээ.

 

АНУ-д коронавирусийн халдварын улмаас 500 мянга орчим хүн нас барсан бөгөөд тэдний дурсгалыг хүндэтгэх ёслол хоёрдугаар сарын 22-ний үдэш болох гэнэ. Харрис болон Байден нар цар тахлын хохирогч болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн лаа асааж, Америкийн төрийн тэргүүн ард түмэндээ үг хэлсний дараа ёслолд оролцогчид нэг минут дуугаа хураан талийгаачдын дурсгалыг хүндэтгэх аж.

 

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 28 сая гаруй илэрсэнээс 499 мянган хүн нас баржээ. Тус улс халдварын тохиолдол болон нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин