Чехд амны хаалт давхарлаж зүүх журам гарчээ
2021-02-23

Чехд олон нийтийн газарт шүүлтүүртэй амны хаалт эсвэл нано амны хаалт, үгүй бол энгийн амны хаалтыг давхарлаж зүүхийг анхааруулжээ. Энэ талаар Чехийн Эрүүл мэндийн сайд Ян Блатный мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.  

 

Энэ тогтоол хоёрдугаар сарын 25-ны 00.00 цагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд дэлгүүр, нийтийн тээвэр, эмнэлэг болон хүн олноор цугларсан газруудад шинэ журам үйлчлэх аж. Ийм газруудад иргэд хамгаалах чадвар өндөр шүүлтүүртэй амны хаалт, нано амны хаалт эсвэл нэг удаагийн гэж нэрлэгддэг мэс заслын амны хаалтыг давхарлаж зүүх ёстой болсон байна. Харин даавуун амны хаалт болон ороолтоор амаа хаах нь өөрийгөө хамгаалах хэрэгсэл биш хэмээн үзжээ. 

 

Амны хаалтны хэрэглээг нарийвчлан заасан дээрх журмыг гаргах болсон шалтгаан нь тус улсад коронавирусийн цар тахалтай холбоотой нөхцөл байдал хурцадсан, Британи штамм тархсантай холбоотой аж. Энэ арга хэмжээг хоёрдугаар сарын 22-ны өдрөөс хэрэгжүүлэх байсан ч хүмүүс шүүлтүүртэй амны хаалт хараахан худалдан авч амжаагүй тул хойшлуулсан гэж Чехийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ. Шинэ журамтай холбоотойгоор тус улсад шүүлтүүртэй амны хаалтны эрэлт эрс нэмэгдэж, хямд үнэтэй амны хаалтууд хэдийнэ дууссан байна.

 

Энд дуулгахад, Чех улсад коронавирусийн цар тахалтай холбоотой хатуу хязгаарлалтын арга хэмжээ үйлчилж байгаа юм. Зарим дүүргүүдийг хэсэгчлэн хааж, 21.00-05.00 цагийн хооронд онц шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахыг хоригложээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин