Хорт хавдрыг ялсан бүсгүй сансарт ниснэ
2021-02-23

SpaceX компани энэ оны дөрөвдүгээр улиралд сансарт нисэх багийн хоёр дахь гишүүний нэрийг зарлажээ. Crew Dragon арилжааны нислэгийн багийн хоёр дахь гишүүн нь багадаа хорт хавдрыг даван гарч байсан 29 настай Хейли Арсенокс гэх бүсгүй гэнэ. Одоо тэрбээр хүүхэд ахуйд нь түүний амийг аварсан Гэгээн Иудийн хүүхдийн эмнэлэгч зөвлөх эмчээр ажилладаг юм байна. Хөлгийн бүхээгт түүний эзлэх албан тушаал нь Норе буюу "Найдвар" аж. 

Энэ онд болох нислэгт нийтдээ сансрын дөрвөн жуулчин багтах юм. Хөлгийн багийн ахлагч нь 37 настай тэрбумтан Жаред Исаакман бөгөөд одоо "Өгөөмөр сэтгэл", "Цэцэглэлт" гэсэн хоёр албан тушаалын хүн тодроогүй байгаа гэнэ. Эдгээр хүмүүс нь Гэгээн Иудийн хүүхдийн эмнэлэгтэй ямар нэг байдлаар холбоотой байх ёстой аж. Учир нь сансрын аяллын зорилго нь хүүхдүүдийн амь насны төлөө тэмцдэг энэхүү гайхалтай газрын талаар дэлхий дахинд таниулах явдал гэнэ. 

 

Сансрын аялалд багтсан эмч бүсгүй "Энэ багт багтсан нь миний хувьд үнэхээр үгээр хэлэхийн аргагүй нэр хүндийн хэрэг. Энэ аялал итгэл найдварыг билэгдэж байгаа. Намайг ердөө аравхан настай байхад Гэгээн Иудийн эмнэлэг надад амьдрал бэлэглэсэн. Харин одоо би мөрөөдлөө биелүүлж, эмнэлэгт ажиллан, дэлхийгээр аялж байна. Хүмүүсийн амь насыг аврах хөрөнгө цуглуулахаас гадна бидний үйл хэргийг хүмүүст таниулж, мөн хорт хавдрыг даван гарах боломжтой гэдгийг хүмүүст харуулах зорилготой сансрын аяллын нэг хэсэг нь байна гэдэг үнэхээр гайхалтай" хэмээн ярьжээ. 

 

Crew Dragon нислэг 2021 оны дөрөвдүгээр улиралд болох бөгөөд дөрвөн оролцогч сансарт 90 минут орчим байхаар төлөвлөсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин