Путин Беларусьт вакцин нийлүүлэхээ амлав
2021-02-23

Беларусь улс энэ сард коронавирусийн вакцинууд хүлээж авах бөгөөд энэ улсад Оросын вакцины технологийг хүлээлгэн өгсөн, тун удахгүй вакцин үйлдвэрлэлт эхлэх гэнэ. Энэ талаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн төрийн тэргүүнтэй Сочи хотноо уулзах үеэрээ мэдэгджээ. 

 

"Коронавирустэй тэмцэх бидний хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн онд бид вакцины эхний ээлжийг нийлүүлсэн, харин энэ оны хоёр, гуравдугаар саруудад дараагийн ээлжийн вакцинуудыг нийлүүлнэ" хэмээн Владимир Путин мэдэгджээ.

Түүнчлэн вакцины технологийг Беларусийн талд дамжуулсныг онцлоход Лукашенко Оросын вакциныг үйлдвэрлэх ажил гуравдугаар сард эхлэнэ хэмээн мэдэгдсэн байна.

 

"Энэ бол том дэмжлэг. Ийм дэмжлэг байгаагүй бол би вакцинжуулалтыг зохион байгуулахад хүндрэлтэй тулгарах байсан. Хамгийн үр дүнтэй вакцин бол Оросынх. Үүнийг дээлхий даяараа хүлээн зөвшөөрсөн " хэмээн Александр Лукашенко талархал илэрхийлжээ.

 

Орос болон Беларусийн төрийн тэргүүнүүдийн уулзалт даваа гарагийн Москвагийн цагаар 15.00 цагт (shuud.mn: Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 22-ний 20.00 цаг) эхэлж, тэд зургаан цагийн туршид ярилцсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин