Англи ирэх зун хатуу хөл хориогоо бүрэн цуцална
2021-02-23

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Английг хатуу хөл хорионоос гаргах Засгийн газрын төлөвлөгөөг танилцууллаа. Хөл хорионоос гаргах төлөвлөгөөг болгоомжтой, аажмаар хэрэгжүүлнэ гэж Борис Жонсон онцлоод төлөвлөгөө дөрвөн үе шаттай хэрэгжинэ хэмээн мэдэгджээ. 

 

Тодруулбал, гуравдугаар сарын наймны өдрөөс дунд сургуулиудыг нээх бол гуравдугаар сарын 29-нөөс гудамжинд хүмүүс уулзах, цэцэрлэгт хүрээлэнд зургаан хүн уулзахыг хориглож байсныг цуцалж, задгай талбайд спортоор хичээллэх, улс дотроо аялахыг зөвшөөрөх юм байна.

 

Дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс дэлгүүрүүд, үйлчилгээний газруудын задгай талбай, спорт танхим, усан сангуудыг нээх аж. Тавдугаар сарын 17-ны өдрөөс зочид буудал, уушийн газар, зоогийн газрууд нээгдэж агаарын аяллууд сэргэх юм байна. Харин зургадугаар сарын 21-нээс бусад хязгаарлалтуудыг цуцлахаар төлөвлөжээ.

 

Энэ төлөвлөгөө нь тахлын нөхцөл байдал тэр дундаа вакцинжуулалтын явц, халдварын бууралт болон вирусийн шинэ мутациудын тархалтын хяналтаас шууд хамаарах гэнэ. 

SHUUD.mn: Их Британид цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 4.12 сая бүртгэгдсэнээс 121 мянган хүн нас барсан байна. Тус улсад коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажил 2020 оны 12 дугаар сарын наймны өдөр эхэлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин