Халдвар хамгааллын дэглэмээ мөрдсөнөөр хэвийн горим үргэлжилнэ
2021-02-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Хэсэг хугацаанд нам жимхэн байсан хотын гудамж хөл хөдөлгөөн их гэж жигтэйхэн. Ажилдаа яарсан хүмүүс автобус хүлээн зогсоно, автобусанд ч зорчигчид олон. Үйлчилгээний газрууд үүдээ нээж, өнгө нэмнэ. Ажлаасаа хоцрохгүйн тулд нийтийн унаандаа амжиж суугаад, дуу аялангаа элдэв бусыг бодож инээж бас бухимдаж явдаг их хотын эгэл амьдрал эргээд иржээ.

 

Коронавирус цар тахлын улмаас нийслэлд тогтоосон 12 хоногийн хатуу хөл хорио  өчигдөр дуусгавар боллоо. Гэхдээ эрсдэлтэй гэж үзсэн нийслэлийн зарим дүүргийн хороодод хөл хорио үргэлжилж байна. Энэ хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд  халдварын 122 тохиолдол, далд 33 голомтыг илрүүлсэн. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 2723 болсон.

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалснаар аж ахуй нэгжийн 95 хувь нь энгийн горимоор ажиллаж байна. Харин уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын газар гэсэн таван чиглэлийн үйлчилгээний хязгаарлалт хэвээр үргэлжилнэ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт  БНЭУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын батламжилсан Оксфордын "АстраЗенека" вакцины эхний тунг тариулснаар манай улсад вакцинжуулалт албан ёсоор эхэллээ.  Дараагаар нь үйл ажиллагаагаа нээсэн аж ахуй нэгжүүдтэй танилцсан. Энэ үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Иргэд, ажил олгогчид санаачлагатай байвал энэ хамгийн сүүлийн хөл хорио байхыг үгүйсгэхгүй. Бид удахгүй хилээ нээнэ. Хэрвээ вакцинжуулалт хийчихвэл хилээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. Одоо аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа туйлаас чухал” гэдгийг онцолсон. Энд дуулгахад Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш настай иргэдээ вакцинд хамруулах зорилт тавиад буй. Мөн вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.

 

Засгийн газар, Улсын онцгой комиссоос хэвийн горимоор ажиллах аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд  тусгай нөхцөл шаардлагыг тавьж байгаа юм.

 

Ийнхүү хөл хорионы дараах эхний өдөр иргэд хүн хоорондын зайгаа үл баримтлах, үйлчилгээний  газар амны хаалт зүүхгүй байх зэрэг хэнэггүй үйлдэл нэлээдгүй ажиглагдлаа. Цаашлаад сар шинээр цахим золголт хийсэн олон нийт нэгнийдээ айлчлах, магадлал ч ирэх өдрүүдэд өндөр байна. Энэ нь халдварын голомтыг тогтоож, тархалтыг хумьсан хөл хорионы өдрүүдийн үр дүнг үгүй хийх эрсдэлтэй. Иймд вакцинжуулалт эхэлж, иргэдийн амьдрал хэвийн горимд шилжсэн ч хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс үүдэж хатуу хөл хорионд дахин орж болзошгүй.

 

Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдсөнөөр хэвийн горим үргэлжилнэ гэдгийг  өдөр бүр санаж, хариуцлагатай байх хэрэгтэй.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин