COVID-19-ийн вакцин бүхий шинэ төрлийн аялал эрэлттэй болжээ

img

Дэлхий даяар вакцины аялал жуулчлал ихээхэн хөгжиж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Аялал жуулчлалын агентлагууд урьдчилан сэргийлэх тарилга ч хийлгэх "бүх зүйл багтсан" шинэ төрлийн аяллыг үйлчлүүлэгчиддээ санал болгож байгаа гэнэ. 

 

Вакцины аяллын гол зорилго нь эх оронд нь зөвшөөрөөгүй эсвэл нийлүүлэгдэхгүй байгаа вакциныг тариулах явдал аж. Францын Ле Фигаро сонины сэтгүүлч Колин Реногийн бичсэнээр ийм аяллын санаа өнгөрсөн оны 12 дугаар сарын эхнээс л гарсан гэнэ. 

 

Тухайлбал Энэтхэгийн аялал жуулчлалын агентлагууд өөрсдийн бодож олсон вакцины аяллын санаагаа ихээхэн сурталчлах болжээ. Калькутта болон Мумбай хотын чинээлэг иргэдэд "бүх зүйл багтсан+вакцин" гэсэн аяллыг санал болгож байгаа аж.

 

Монгол мөнгөөр нэг хүний 4.7 сая төгрөгөөр Лондон эсвэл Нью-Йорк руу өөрөө сонгон зорчиж болох юм байна. Тухайн хотод очоод тэндэхийн журмын дагуу тусгаарлалтад орох ч тусгаарлалтын хоногуудыг зочид буудлын тухтай өрөөнд өнгөрөөх бөгөөд үүний үнэ ч мөн аяллын өртөгт багтжээ.

 

Куба улс ч вакцины аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бэлэн байгаа гэнэ. Энэ улсад өвчлөлийн тоо өндөр байгаа ч бизнес эрхлэгчид гадаадын жуулчдыг татахын тулд ихээхэн зүйл хийхэд бэлэн байгаа аж. Тэд жуулчдад Карибын тэнгисийг үзүүлж, мохитогоор дайлахын зэрэгцээ вакцин ч аяллын хөлсөнд багтана гэж аяллын компаниуд мэдэгджээ. Куб улсад хэдийгээр халдварын тархалт их байгаа ч тус улс коронавирусээс сэргийлэх дөрвөн төрлийн вакциныг боловсруулж байгаа юм.

Кубын эрх баригчид ард иргэдээ сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй вакцинжуулах бол гадаадын жуулчдыг төлбөртэйгээр вакцинд хамруулах төлөвлөгөөтэй хэмээн мэдэгдэж байв. 

 

Дубайн Засгийн газар алсын зайнаас ажилладаг хүмүүсийг Дубайд ирж ажиллахыг уриалжээ. Наран шарлагын газартай ойр амьдарч, ажиллахыг уриалсны дээр коронавирусийн вакциныг үнэ төлбөргүй тарина гэж онцолсон байна.

 

Америкийн Флорида мужид нэн сонирхолтой нөхцөл байдал үүсчээ. Энэ муж улсын эрх баригчид нэн тэргүүнд 65-аас дээш насныхныг вакцинд хамруулахаар шийдсэн тул дэлхийн олон орноос АНУ-ын Зүүн өмнөд нутгийг зорих болсон байна. Тэр дундаа Аргентин, Бразилиас олон хүн очжээ. Аялал жуулчлалын газруудын өгүүлснээр үйлчлүүлэгчид очоод, тариулаад эргээд буцах нэг өдрийн аяллыг ихээхэн сонирхож байгаа гэнэ.

 

Харин мужийн эрх баригчид вакцины аялал жуулчлалд боломж олгоогүй бөгөөд гагцхүү Флоридад гурваас дээш сар амьдарсан хүн л вакцин тариулна гэдгийг онцолжээ. Гэсэн ч ийм нөхцөлтэйгээр тус муж улсад гурван сар амьдарч, "вакцины амралт" эдлэн коронавирусээс сэргийлэх тарилга хийлгүүлэх аялалд гарах хүсэлтээ 50 мянга орчим гадаадын иргэн гаргасан байна.

 

Харин Флоридагийн оршин суугчид Ойрх Дорнодын орнууд руу вакцины аялал хийх сонирхолтой байгаа гэнэ. Тэдний насны хувьд ихэнх нь 40-50 насныхан байгаа бөгөөд тэд 2000 еврогоор Израильд хоёр сар байх аяллыг сонирхож байгаа аж. Энэ аялалд нислэг, байрны үнэ болон вакцины үнэ багтжээ.

 

Энэ төрлийн аяллыг Орос руу хийж байгаа хүмүүсийн тоо ч нэмэгдэх болсон байна. Москва хот нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хүссэн хүн бүрийг үнэ төлбөргүйгээр вакцинд хамруулахаар болсон юм. Тиймээс гадаадын иргэн ч коронавирусийн вакцин хийлгэх боломжтой юм. Үүний тулд ердөө л эмнэлэгт очин бүртгүүлж, иргэний бичиг баримтаа шалгуулахын дээр коронавирусийн тестийн сөрөг хариутай байхад л болох аж.

 

Оросын вакцины эрэлт гадаадын иргэдийн дунд өндөр байгаа тул зарим орны аялал жуулчлалын газрууд Орос руу жуулчдыг вакцинд хамруулах зорилгоор илгээх аяллыг зохион байгуулах хүсэлтийг Оросын "Интурист" аялал жуулчлалын компанид гаргажээ. Латин Америк, Зүүн Азийн орнуудаас хүсэлт ихээр ирж байгаа бөгөөд Европоос ч жуулчид сонирхож байгаа гэнэ.

Улмаар Зөвлөлтийн үеэс үйл ажиллагаа явуулж буй Оросын хамгийн том аялал жуулчлалын байгууллага болох "Интурист" компани гадаадын жуулчдыг авчрах тусгай чартер нислэгүүдийн хөтөлбөрийг боловсруулах ажилдаа орсон бөгөөд холбогдох байгууллагуудтай вакцины аяллыг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэж байгаа талаар Известия мэдээлжээ.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өнөөгийн байдлаар зөвхөн Орос улсын иргэншилтэй болон Орос улсад байнгын оршин сууж амьдрах зөвшөөрөлтэй мөн Орос улсын ЭМ даатгалтай хүмүүст хийж байгаа шүү! Тэр гадаадаас ирээд байгаа "жуулчид" хэмээх хүмүүс чинь бүгд гааадад ажиллаж амьдардаг оросын иргэд. Өөр иргэншилтэй хүмүүст эмнэлэгийн тусгай комиссийн дүгнэлтээр төлбөртэй хийж байгаа, жишээ нь АНУ-ийн ЭСЯ-ныхан, боловч ямар шалгуураараар сонгож байгаа нь тодорхойгүй.
2021-03-16