Франц: Сургуулиудад махан хоол хорьсон хотын дарга эсэргүүцэлтэй тулгарав
2021-02-24

Францын томоохон хотуудын нэг болох Лион хотын дарга Грегори Дусе дунд сургуулиудын цайны газарт махан хоол хориглох шийдвэр гаргажээ. 

 

Сурагчид цайны газарт махан хоол идэхийн тулд их хугацаа зарцуулна, харин цар тахлын үед нэг дор олноор цуглан удаан хоол идсэнээс бага хугацаа зарцуулан тарцгаавал "коронавирусийн эсрэг аюулгүй байдлын нөхцлийг хангана" гэж хотын дарга үзсэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

Ингээд махан хоолыг ногоо, загасаар орлуулах санал гаргажээ. Харин энэ нь олны дургүйцлийг төрүүлсэн байна. Учир нь Дюсе "Европ Экологи Ногоонтнууд" намаас нэр дэвшин хотын даргаар сонгогдсон бөгөөд Ногоонтнуудын намын мөрийн хөтөлбөрт "цаг уурын өөрчлөлтийн улмаас Франц, Европ ургамлын гаралтай хоол түлхүү хэрэглэх шаардлагатай" хэмээн заасан байдаг аж. Тиймээс өөрийн үзэл баримтлалыг бусдад хүчээр нялзааж байна гэж хотын иргэд шүүмжилсэн байна.

 

Зөвхөн иргэд төдийгүй Францын засгийн газар ч махан хоол хориглосон хотын даргыг эрс шүүмжилжээ. Тухайлбал Францын Дотоод хэргийн сайд түүний бодлогыг орлого багатай өрхүүдийн эсрэг чиглэгдсэн "үзэл сурталжсан" хандлага хэмээн нэрлэсэн байна. Учир нь хүүхдүүдийн хэвийн өсөлт хөгжилд нэн шаардлагатай махан хоолыг гагцхүү сургууль дээр л иддэг олон гэр бүл байгааг сайд онцолжээ.

 

Түүнчлэн Хөдөө аж ахуйн сайд Жюльен Денорманди "Үзэл суртлаа манай хүүхдүүдийн хоолонд наахаа боль" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин