ЦАР ТАХАЛ: Африкт вакцинжуулалт эхэлж, Италид жүжигчид эсэргүүцлээ илэрхийлж байна
2021-02-24

Дэлхий даяар дэгдсэн цар тахлын нөхцөл байдал хараахан намжаагүй, халдварын тохиолдлууд улс бүрт нэмэгдсээр байгаа ч олон оронд вакцинжуулалтын аян эхэллээ. 

 

АНУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 500 мянга давж, өдгөө дэлхий дээр энэ халдварын улмаас нас барсан таван хүн тутмын нэг нь Америк хүн байгаа юм. Улмаар гурван дайны үеийн хохирогчоос ч их хүн цар тахлын үед амиа алдсан тул АНУ таван өдрийн турш гашуудал зарлан, төрийн далбаагаа бөхийлгөсөн байна. 

 

АНУ-д гашуудал зарласан бол Африкийн хэд хэдэн оронд вакцинжуулалт эхэллээ. Сенегалд вакцины анхны тунг Эрүүл мэндийн сайд тариулж, түүний араас Засгийн газрын бусад гишүүд вакцинжуулалтад хамрагджээ. Тус улсын Ерөнхийлөгч ойрын үед вакцин тариулна гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. Сенегалд нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насныхан болон архаг хууч өвчинтэй хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах аж.

"Энэ бол Сенегалын хувьд түүхэн өдөр. Манай улс коронавирусээс сэргийлэх вакцинжуулалт эхэлсэн Африкийн долоон орны нэг боллоо" хэмээн Сенегалын Эрүүл мэндийн сайд Абдулай Диуф Сарр мэдэгджээ.

 

Афганистанд вакцинжуулалт өндөр түвшинд эхэлсэн байна. Вести агентлагийн мэдээлснээр Кабул дахь Ерөнхийлөгчийн ордонд вакцинжуулалт хийх эмнэлгийн хэсгийг байгуулжээ. Энэ улсад эмч, цэргийн алба хаагчид болон сэтгүүлчид түрүүлж вакцинд хамрагдах аж. 

 

"Вакциныг шударга хуваарилахын тулд Эрүүл мэндийн яамнаас гаргасан зааврыг дагаж мөрдөхийг Афганистаны ард түмнээс хүсч байна. Бид хүн амынхаа 40 орчим хувийг вакцинд хамруулахын тулд вакцинжуулалтын хоёр дахь шатны нөөцийг олохоор хичээж байна, бурхны авралаар бид үүнийг хийж чадна" хэмээн Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани мэдэгджээ.

 

Иргэдийн эрүүл мэндийг аврах вакцинжуулалтын ажил Ливанд улс төрийн хямралыг үүсгэлээ. Тус улсын Парламентын гишүүд урьдчилсан бүртгэлгүйгээр коронавирусийн вакцин тариулсан байж болзошгүй талаарх дуулиан дэгдэж, улмаар Дэлхийн банк вакцинжуулалтад зориулсан санхүүжилтийг зогсооно гэж мэдэгдсэн байна. Харин Парламентын дарга дуулианыг няцаасан ч олон нийтийн шүүмжлэл тасрахгүй байгаа аж.

 

Грект ч мөн асуудал хурцдаж байна. Тодруулбал Грекийн улсын эмнэлгүүдийн ажилтнууд 24 цагийн ажил хаялт зарлажээ. Тэд коронавирусийн улмаас ажиллах нөхцөл тэсвэрлэхийн аргагүй болсон гэж мэдэгдсэн байна.

 

"Засгийн газар амлалт өгсөн ч эрүүл мэндийн системийг бэхжүүлэх, хамгаалах тал дээр дорвитой арга хэмжээ нэгийг ч авсангүй. Бүрэн бус ажлын өдрөөр цөөн тооны ажилтан нэмж авсан. Хийсэн ажил нь ингээд л боллоо" хэмээн Грекийн эмч нарын холбооны тэргүүн Афродита Ретциус мэдэгджээ.

 

Харин Италид театрын ажилтнууд эсэргүүцэл илэрхийлж байна. Урлагийн зүтгэлтнүүд үйл ажиллагаагаа зогсоосны ой гэж тэмдэглэжээ. Итали даяар жижиг болон том хотуудын театруудын үдшийн цагаар нэгэн зэрэг гэрэл асаасан бөгөөд олон сая гэрлийн тусгал дахин нээгдэнэ гэсэн итгэл найдварын билэгдэл гэж зохион байгуулагчид нь өгүүлсэн байна.

 

"Энэ арга хэмжээгээрээ "бид амьд, бид энд байна, бид цохилтыг тэсч байна" гэж харуулахыг хүссэн. Бид ажилгүйдлийн тэтгэмжээр амьдарч байгаа ч бууж өгөөгүй. Энэ арга хэмжээ дахин үзэгчийн хувиар танхид ирж, дуу хөгжим, бүжиг, дуурь, тоглолт, үзэсгэлэн үзэх хүсэлтэй хүн бүрт зориулсан итгэл найдварын арга хэмжээ" хэмээн жүжигчин Массимо Пополицио өгүүлжээ.

 

Өнгөрсөн оны хоёрдугаар сард хамгийн сүүлийн жүжиг тавигдаж, үүний араас л театрууд хаалгаа барьж, олон мянган хүн ажилгүй болсон гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин