Хятадын шүүх "нэргүй ажил"-д нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа
2021-02-25 08:30

Бээжин хотод гэр бүл цуцлах шүүх хурлын үеэр салсан нөхөр нь гэрийн эзэгтэй байсан эхнэртээ гэрийн ажил хийснийх нь төлөө мөнгө төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. ВВС агентлагийн мэдээлснээр, эхнэр нөхөр хоёрын таван жилийн хамтын амьдралын явцад гэрийн ажил хийж байсных нь төлөө эмэгтэйд 50 мянган юань (shuud.mn: монгол мөнгөөр 20.2 сая төгрөг) нөхөн төлөхийг нөхөрт нь үүрэг болгосон байна. Энэ үйл явдлын талаарх мэдээлэл Хятадын олон нийтийн сүлжээгээр ихээхэн тархаж, олон хүн үүнийг гайхмаар, түүхэн шийдвэр хэмээн нэрлэжээ. 

 

Салах үед өмчийг хуваахдаа зөвхөн материаллаг зүйлс төдийгүй гэрийн ажил гэсэн илэрхий үнэт зүйлсийг харгалзан үзэх ёстой хэмээн гэр бүл цуцлах хурлыг даргалсан шүүгч хэвлэлд мэдэгджээ.

 

БНХАУ-д энэ оны эхнээс иргэний шинэ хууль мөрдөгдөх болсон байна. Энэ хуулийн дагуу ар гэр, үр хүүхэд, гэр бүлийн ахмад гишүүдийг асрахтай холбоотой ихээхэн ачаа үүрч байсан хүн гэр бүл цуцлахдаа нөхөн төлбөр авах эрхтэй болжээ. Өмнө нь ийм нөхөн төлбөрийг гагцхүү гэрлэлтийн гэрээнд л заадаг байсан бөгөөд харин Хятадад ийм гэрээг байгуулах нь тун ховор аж.

 

Энэ түүхтэй холбоотой хэштег Хятадын алдартай Weibo сүлжээнд 570 сая гаруй хандалт авчээ. Зарим хүмүүс сарын хэдхэн долларын төлөө гэрийн ажил хийж, хүүхэд харах нь хэтэрхий хүнд гэж үзсэн байна. Гэрийн эзэгтэйн ажлыг маш багаар үнэлсэн, Бээжинд хүүхэд асрагчийн жилийн цалин л 50 мянган юаньд хүрнэ гэж бичсэн хүн олон байсан гэнэ. Харин нөгөө хэсэг нь эрчүүдийг гэрийн ажилд туслахыг уриалсан бол, бусад хэсэг нь нөхөрт гараад ч ажлаа орхих хэрэггүй гэж эмэгтэйчүүдэд зөвлөжээ. 

 

Гэр бүлээ цуцлуулсан хосыг Хятадын хэвлэлээр Чэн болон Ван хэмээн нэрлэсэн бөгөөд тэд 2015 онд гэрлэсэн гэнэ. Харин хэдэн сарын өмнө нөхөр нь гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан ч эхнэр нь татгалзаж байсан аж. Харин дараа нь хамт амьдарсан хугацаанд ганцаараа л гэрийн ажил амжуулж, нярай хүүгээ асарч байсан гээд нөхрөөсөө нөхөн төлбөр шаардсан байна.

 

Ингээд Бээжингийн Фаньшань тойргийн шүүх Чэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сар бүр хүүхдэд 2000 юанийн тэтгэмж олгохоос гадна эхнэртээ нэг удаад 50 мянган юанийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ.

 

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээллээр эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их гэрийн ажил хийдэг бол Хятадад энэ үзүүлэлт 2.5 дахин их байдаг аж.

 

Цар тахал ба эмэгтэйчүүдийн хөдөлмөр 

 

Цар тахлын үед эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эрс буурч, улмаар цалин хөлсгүй гэрийн ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр ирэх нь улам ихэссэн талаарх олон улсын байгууллагуудын судалгаа гарч байлаа. Тахлын улмаас эмэгтэйчүүд гэрийн ажил илүү ихээр хийхээс аргагүй болж, карьер болон боловсролын боломжуудаа алдан, тэдний амьдралд бие болон сэтгэл санааны эрүүл мэндийн асуудлууд илүүтэй гарах болсон гэж НҮБ-аас гаргасан илтгэлд онцолсон байна. Улмаар "гэрийн ажлыг эмэгтэйчүүд л хийдэг" гэх хүйсийн ялгавартай хандлагыг өөрчлөхөөр тэмцсэн сүүлийн 25 жилийн хүчин чармайлт талаар болж байгааг "НҮБ-эмэгтэйчүүд" байгууллагын орлогч захирал Анита Бхатия онцолж байлаа.  

 

НҮБ-ын мэдээлснээр коронавирусийн цар тахал гарахаас ч өмнө дэлхийн бүхий л улс орнууд дахь цалин хөлсгүй ажил, тэр дундаа гэрийн ажлын хэмжээ өдөрт 16 тэрбум цаг байжээ. Ийм хэмжээний ажлын дөрөвний гурвыг эмэгтэйчүүд хийсээр ирсэн байна. Өөрөөр хэлбэл эрчүүд цалин хөлсгүй нэг цагийн ажил хийлээ гэхэд эмэгтэйчүүд түүнээс гурав дахин ихийг хийдэг аж.

Гэтэл цар тахал эмэгтэйчүүдэд ирэх ачааллыг улам нэмэгдүүлсэн байна. Ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн тоо багасах нь тэдний материаллаг байдал, хөгжил болон эдийн засгийн хараат бус байдалд ноцтой үр дагавар авчирна гэж НҮБ анхааруулсан байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин