БНАСАУ хорих лагерийн хоригдлуудаар нүүрс олборлуулдаг гэв
2021-02-25

Хойд Солонгосын эрх баригчид улс төрийн хоригдлууд, хүүхдүүдийг экспортод гаргадаг нүүрс олборлоход ашигладаг бөгөөд үүнээс олсон гадаад валютыг пуужин, цөмийн хөтөлбөр хөгжүүлэхэд зарцуулдаг гэнэ. Ийм дүгнэлтийг Сөүлд байрлах Хойд Солонгосын хүний эрхийн төлөөх Иргэний нэгдэл гаргасан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Хүний эрхийг хамгаалагчид "Хойд Солонгосын цуст нүүрсний экспорт: эрх барих дэглэмийг тогтоон барьдаг орлогын пирамид" гэсэн илтгэл гаргасан байна. Илтгэлд Хойд Солонгосын хорих лагерийн хоригдлуудын хөдөлмөрийг хэрхэн мөлждөг талаарх системийг дүрсэлжээ. Тайланд дурдсанаар, улс төрийн хоригдлууд нүүрсний далд худалдаанд хувь нэмрээ оруулдаг аж.

 

БНАСАУ нүүрс экспортлохыг НҮБ хориглосон бөгөөд Пхеньян үй олноор устгах зэвсэг бүтээхэд шаардлагатай санхүүжилтийг нь зогсоохын тулд ийм хориг арга хэмжээ авсан юм. НҮБ-ын мэдээлснээр, Хойд Солонгос дахь хөдөлмөрийн лагериудын ихэнх нь ашигт малтмал олборлох газруудын ойролцоо байрладаг, эдгээр лагериудад 200 мянга орчим хүн хоригдож байгаа гэнэ. Хоригдлууд тамлал, хүчирхийлэл, албадан хөдөлмөр, өлсгөлөн, бусад хүнлэг бус харилцаатай нүүр тулдаг гэж НҮБ-ын 2014 оны тайланд онцолсон байв. 

 

2018 оны эхэр нийтлэгдсэн НҮБ-ын өөр нэг илтгэлд өгүүлснээр БНАСАУ олон төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон олон улсын хоригоос мултарч, 2017 онд гадаад зах зээлээс 200 сая орчим долларын орлого олсон байна. Энэ баримт бичигт улс төрийн хоригдлууд зэрэг Өмнөд Солонгос руу дүрвэж чадсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг ашиглажээ. Дүрвэгчдийн өгүүлснээр 2016 онд иргэдийн албадан хөдөлмөрийг ашиглаж 8 сая орчим тонн нүүрс олборлосон гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин