Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн ч гэм буруугаа хүлээсэнгүй
2021-02-25 13:13

 

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа түүний гэргий Г.Амарсайхан нарт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял оноосон. Оноосон ялын хэмжээг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр /2021.02.25/ хэвээр үлдээн шийдвэрлэжээ. 

 

Хохирогчийн өмгөөлөгч "Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэлээ" гэв.

 

Шүүгдэгч нарт хохирогчид 1 950 000 төгрөгийн хохирол төлөх хугацааг шүүхээс олгосон. Гэвч өнөөдрийг болтол төлөөгүй бөгөөд гэм буруугаа хүлээхгүй байгаа аж. Эргэн сануулахад,

 

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн

 

2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/,

 

2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар,

 

мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн

 

2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/,

 

мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/,

 

11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн

 

10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч Г.Амарсайханыг:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

Тус шүүхээс Г.Амарсайхан, Г.Загдаа нарыг дээрх зүйл заалтад дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, иргэн Г.Загдаад 6 жил 2 сар, Г.Амарсайханд нэг жилийн хоёр ял оноосон юм. 


Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин