"Путинийг хөөх" зорилготой Якут бөөд эрүүгийн хэрэг үүсгэжээ

2019 онд Путинийг хөөх зорилготой Якутскаас Москва руу хүрэх замыг явган туулж эхэлснээрээ ихээхэн алдаршсан, өөрийгөө бөө хэмээн нэрлэдэг Якутын оршин суугч Александр Габышевийн эсрэг Оросын Мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнд "эрх баригчдын төлөөллийн эсрэг хүч хэрэглэсэн" гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн бөгөөд өнгөрсөн сард Габышевийг дахин сэтгэцийн эмнэлэгт хүргэж байв.
ВВС агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 28-ны өдөр Габышевийг Якутын сэтгэцийн эмнэлэгт хүргэхээр цагдаагийнхан очих үед болсон үйл явдалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Габышевийн чухам ямар үйлдэл эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болсон талаарх мэдээлэл тодорхойгүй, Оросын Мөрдөн шалгах хороо энэ сэдвээр тайлбар өгөөгүй аж. Түүнчлэн Габышевийн өмгөөлөгч Ольга Тимофеева ч эрүүгийн хэрэг үүсгэсэн шалтгааны талаар мэдээлэлгүй байгаа гэдгээ ВВС агентлагт ярьжээ.
Энд дуулгахад, Александр Габышев дахин Москва руу хөдлөхөөр болсон талаараа энэ оны нэгдүгээр сард өгүүлж байв. Түүний ярилцлагын бичлэгийг "Новости регионов" хэвлэлийн Юүтүб хуудсанд байршуулсан бөгөөд энэ ярилцлагадаа Габышев "Гуравдугаар сар хавьцаа хөдлөнө. Эндээс, Якутаас би цагаан морио хөлөглөн гарна. Өвөг дээдсийнхээ нутгаар, Вилюйсийн улусаар дайраад гарна даа. Өвөг дээдсийн минь нутаг надад хүч өгнө, манай шүтлэг юм л даа" хэмээн ярьж байлаа.
Габышевийн төлөвлөгөө ёсоор тэрбээр Якутскаас сайн дурынхны багахан отрядтай хамт гарч, Эрхүү хотноо дэмжигчдийнхээ үндсэн хэсэгтэй уулзан, дэмжигчид нь морь унасан бөөг машинаар дагалдах гэнэ.
"Путиныг хөөх" зорилготой Якут бөө алдаршсан түүх
Якутын бөө Александр Габышев 2021 онд Москвад хүрч, “Владимир Путиныг хөөхийн тулд” Алс Дорнодын зам дагуу 4 сарын турш алхаж байгаа талаар 2019 оны долдугаар сард Оросын хэвлэлүүд мэдээлснээр ихээхэн алдаршсан юм. Тэрбээр Оросын Ерөнхийлөгчийг гагцхүү бөөгийн хүчээр л дарагдах хар хүчтэй хэмээн үздэг аж.
“Путин явчихвал миний хувьд ялалт. Хамгийн гол нь чөтгөрийг ялах нь чухал, харин хүмүүс өөр хоорондоо учраа олно.Илүү хүчтэй хүмүүс олдоно. Жириновский, Зюганов, Навальный ч юм уу гараг л дээ. Хамгийн гол нь тэд бол хүмүүс. Төрийн эрхэнд гараг, харин ард түмэн хэнийг сонгохоо шийднэ” хэмээн тэрбээр сэтгүлчдэд ярьж байлаа.
Түүнчлэн "ардчилал бол айдасгүй байхыг хэлнэ. Харин одоо хүмүүс ярихаас, ажлаас нь халж, цалинг нь хасахаас айж байна. Ердөө л манайд хил хязгааргүй чөтгөрийн хүч оршиж байгаа юм. Ард түмнийг зохиомол депресст оруулсан. Үүнийг гагцхүү ид шид л дарна. Над шиг цагааны хүчний шидтэн үүнийг зайлуулна" хэмээн мөн ярьж байлаа.
Аян замынхаа явцад Габышев тэрбээр хэд хэдэн хотод жагсаал цуглаан зохион байгуулаад амжсан бөгөөд 2019 оны есдүгээр сард түүнийг Буриад, Эрхүү мужийн хил дээр зогсоосон юм. Үүний дараа Габышев болон түүний дэмжигчдийг хэдэнтээ саатуулж, баривчилж, бөөг Якутскаас гарахыг хориглож, сэтгэц нь эрүүл бус гэж дүгнэн, экстремизмд буруутгахыг оролдож байлаа.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд Габышевийн гэр рүү хүчнийхэн дайрч орсны дараа түүнийг Якутын сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эмч, цагдаа, цагдаагийн тусгай хүчнийхэн Габышевийг коронавирусийн халдвартай хүнтэй хавьтсан, түүнээс шинжилгээ авах шаардлагатай гэсэн шалтгаан хэлж гэр рүү нь нэвтэрсэн талаар өмгөөлөгч нь ярьж байлаа. Гэвч үүнийгээ батлах ямар ч баримт бичиг үзүүлээгүй бөгөөд улмаар бөөг гавлан, гэрээс нь хөл нүцгэн авч гарчээ.
Өмгөөлөгч нь удаа дараа хөөцөлдсөний эцэст тавдугаар сарын 30-ны өдөр Якутын сэтгэц мэдрэлийн эмнэлэг бөөг өөртөө болон ойр тойрныхондоо аюултай гэсэн дүгнэлт яаравчлан гаргаж, үүнийг үндэслэн шүүх Габышевийг албадан эмчлэх шийдвэр гаргаж байсан юм. Харин хоёр сарын дараа түүнийг эмнэлгээс гаргасан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ