Үзвэрийн танхимд ус, ундаанаас бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно
2021-02-26

 

Нийслэлчүүд энэ долоо хоногт ажил амьдралын хэвийн горимд шилжсэнээр хөл хөдөлгөөн ихтэй байна. Үзвэр үйлчилгээний газрууд ч халдвар хамгааллын дэглэм, зөвлөмжийг дагаж үүдээ нээлээ. Хөл хорионд байсан олон нийт ч кино театр, музейгээр үйлчлүүлж байна. Ирэх амралтын өдрүүдэд үзвэр үйлчилгээний газруудыг зорьсон үзэгчдийн хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа. 

 

Хэвийн горимоор ажиллах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тусгай нөхцөл шаардлагыг Улсын онцгой комисс, Засгийн газраас тавьж байгаа. Тухайлбал, кино театр, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад  хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар үзвэрийн цагийн хуваарийг зохицуулах, нэг суудлын зай авч суух,  үзвэрийн өмнө ба дараа заал танхимд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх, кино театрын зориулалтын нүдний шилийг үзвэрийн дараа цэвэрхэн халдваргүйжүүлэх,  үзвэрийн танхимд ус ундаанаас бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг  хориглоно. Музейн үзвэрийн танхим дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байх, тасалбарыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тусгай нөхцөл шаардлагыг тавьж байгаа юм.

 

Иймд кино театр, музей, үзвэр үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

 

Монголын Үндэсний музей:

 

Монголын Үндэсний музей хоёрдугаар сарын 24-нөөс өвлийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Журмын дагуу 0-16 насны хүүхдүүдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүй. Музей даваа гарагт амрах бөгөөд бусад өдрүүдэд ажиллана.

 

 

Тэнгис кино театр:

 

Хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Одоогоор дэлгэцнээ “Single Ladies”, “Josee” зэрэг онц сонирхолтой кинонууд гарч байгаа.

 

 

 

Улсын Драмын Эрдмийн Театр:

 

Дэлхийн сонгодог "Анна Каренина"-г гуравдугаар сарын 04-нөөс УДЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болжээ. Тоглолтын дэлгэрэнгүй, тасалбар борлуулалтын мэдээллийг албан ёсны цахим хаягаараа хүргэж аж.

М.Насан

 

 

Shuud.mn
Сонин хачин
Отгонтуяа:
Маш зөв
2021-05-11