Хоёр хөршийн шатрын нүүдэл буюу ВАКЦИНЫ ДИПЛОМАТ бодлого
2021-02-26 08:23

Цар тахлын хүнд энэ үед олон улсын улс төрийн тавцангийн томоохон тоглогчид шинэ нүүдэл хийж эхлэв. Энэ бол "Вакцины дипломат бодлого". Манай хоёр хөрш энэ тал дээр тэргүүлэгч байр суурьтай байгаа гэхэд болно. Учир нь тэд бүгдээс түрүүнд коронавирусээс сэргийлэх вакцин гарган авсан юм. 

Хятад 

Коронавирусийн тахал анхлан дэгдсэн Хятад улс богино хугацаанд нөхцөл байдлыг хяналтдаа авсны дээр аюулт өвчнөөс сэргийлэх хэд хэдэн төрлийн вакцин гарган авсан. Одоо энэ улс туршилтыг давж, бэлэн болсон вакцинаа бусад орнуудад нийлүүлж байгаа аж. Тодруулбал дэлхийн 27 оронд Хятад коронавирусээс сэргийлэх вакцинаа экспортолж, харин 53 оронд буцалтгүй тусламж болгон өгөхөөр болжээ. 

 

Тэр дундаа Ойрх Дорнод болон Хойд Африкийн орнуудад хэрэгжүүлж буй Хятадын "вакцины дипломат ажиллагаа" нь эрүүл мэндийн салбарт дэлхийн тэргүүлэгч болоход чиглэгдсэн илүү өргөн цар хүрээний стратегитай холбоотой гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм. 

 

Хэдийгээр барууны хэвлэлүүдээр Хятадын вакцин нийлүүлэлт, тусламжийг улс төржсөн хэмээн шүүмжилж байгаа ч дэлхий даяар нүүрлэсэн цар тахлын үед Барууны өндөр хөгжилтэй орнууд бусдадаа гар сунгах биш харин дотооддоо вакцин нөөцөлж байгаа нь бүхэнд ил. 

 

Чухамхүү ийм үед эдийн засгийн хямралтай нүүр тулсан буурай орнуудад Хятадын вакцин хүн амд нь зайлшгүй тусламж үзүүлэх нэг арга зам гэж эдгээр орнуудын эрх баригчид үзэж байгаа бөгөөд хадгалах тээвэрлэх нөхцөл нь энгийн Синофарм вакциныг нийлүүлснээр цаашдынхаа вакцины борлуулалтыг ч нэмэх сууриа тавьж байгааг шинжээчид онцолж байна. 

 

Вакцин нөлөөллийн хэрэгсэл болсон нь 

Энэ онд коронавирусийн вакцин гарган авах хөөцөлдөөн түргэссэн бөгөөд вакцин нь нөлөөллийн хэрэгсэл болох болов. Энэхүү өрсөлдөөнд Энэтхэг улс ч орж, Зүүн Азийн орнуудад сая саяар нь вакцины тун хандивласан бөгөөд ингэснээр Хятадтай дипломат нөлөөллийн төлөө өрсөлдөж эхэлсэн юм. 

 

Сүүлийн үед Бээжин 13 оронд үнэ төлбөргүй вакцин нийлүүлж, дахин 38 орыг вакцинаар хангана гэж мэдэгдсэн бол Москва Европын холбоон доторх сул талыг ашиглан Унгар руу вакцин нийлүүлэхээр болсон. 

 

Харин олон улсын хэлэлцээ, хандив тусламжид барууны орнууд оролцсон нь жишээ хараахан гараагүй байна. Тэд өөрсдийн хүн амаа вакцинжуулахаар завгүй байгаа бөгөөд Ковакс зэрэг хөтөлбөрөөр дамжуулан тусламж илгээхийг илүүд үзжээ. Энэ хөтөлбөрийн дагуу ойрын жил хагасын хугацаанд дунд болон бага орлоготой орнуудын хүн амын 3 хувийг вакцинжуулахаар төлөвлөсөн аж. Харин энэ үед 2021 оны барууны вакцины ихэнх хувийг худалдаж авсан Их Британи, АНУ, Канад болон бусад чинээлэг орнууд сүргийн дархлаа тогтооно гэж найдаж байгаа юм. Ингэснээр дипломат "цонх" үүсч, энэ боломжийг зарим орон ашиглахаар хичээж байна. 

"Барууны орнууд вакцины үндсэрхэг үзэл гаргасан нь бусад орнуудад вакцины дипломат ажиллагаа явуулах орон зай үүсгэсэн" хэмээн үзэж байгаагаа Олон улсын харилцааны зөвлөлийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Янжун Хуан илэрхийлснийг Info агентлаг дамжуулжээ.

 

Түүнчлэн вакцинаас нэн хурдан ашиг олно гэж хэн ч хүлээхгүй байгаа гэж шинжээчид өгүүлж байна.

"Орос, Хятад улсууд хөгжиж буй орнуудад очоод "Та нар бидэнд юу өгөх юм?" гэж шаардахгүй байгаа нь мэдээж. Харин тэдний өнөөгийн дипломат ажиллагаа нь урт хугацааны ирээдүйд ихээхэн ашиг авчрах юм. Оросын ч тэр, Хятадын ч тэр удирдлагууд цар тахал бидэнтэй удаан хамт байна гэдгийг ойлгож байгаа" хэмээн Info агентлагт шинжээч өгүүлжээ.

Орос 

ОХУ вакцинаа 30 орчим оронд нийлүүлжээ. Гэхдээ Аргентинд нийлүүлсэн нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Бусад орнуудын тухайд Мексик, Унгар, Иран ч багтана. Орос улс Аргентин руу 300 мянга, харин Мексик рүү 200 мянган тун вакцин нийлүүлжээ. Унгар 400 мянган тун "Спутник V" хүлээн авсан бол ойрын саруудад дахин хоёр сая тунг хүлээн авах гэнэ. Словак улс ч нэг сая орчим тун вакцин авахаар тохиролцжээ. Гэтэл Европын эм бэлдмэлийн агентлаг "Спутник V" вакциныг хараахан батлаагүй л байгаа юм.

 

Хэдийгээр Орос улс олон оронд вакцины тусламжийн гараа сунгаж байгаа ч вакцин нь дотооддоо хүрэлцэхгүй, бусад орнуудаас вакцинжуулалтаараа хоцорч байгааг илтгэх мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарсаар байна.

Бусдад гар сунган боломж олгож байгаа хэрэг хэмээн тайлбарлаж болох ч дэлхий дээр нэг ч орон бусдыг бодно гэж байхгүй,харин Орос улс вакцины тусламжтайгаар "зөөлөн хүчний бодлого" хэрэгжүүлж, хүн амаа ч мартаж байна гэж шинжээчид үзжээ.

 

Бусад орнууд руу вакцин нийлүүлж байгаа нь коронавирусээс сэргийлэх вакцин зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүн боловсруулах, түүнийгээ хилийн чанадад худалдах чадвартай орчин үеийн улс орны дүр төрхийг Орост бүтээж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин