Сүхбаатар өртөөнд 617,5 килограмм химийн бодис асгарчээ
2021-02-26 10:26

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Сүхбаатар өртөөний хоёрдугаар зам дээр химийн бодис асгарсан тухай дуудлага өчигдөр /2021.02.25/ 16:28 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. 

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 10 алба хаагч, Цагдаагийн газрын 5 алба хаагч, Хилийн мэргэжлийн хяналтын албаны 5 алба хаагч, Төмөр замын ачаа тээврийн 3 ажилтан, Байгаль орчны газрын 1 байцаагч, нийт 25 хүн, 7 автомашинтай 16:29 цагт очиход калийн хлорид асгарсан байжээ.

 

Цагдаагийн байгууллага 10 метрт хамгаалалтын бүс тогтоон, 617,5 кг калийн хлоридыг 15 шуудайд хийж, “Гачуурт” ХХК-ийн агуулахад түр хадгалуулахаар ажилтанд хүлээлгэн өгсөн байна. Бодис асгарсан талбайг усаар болон хуурай элсээр саармагжуулж, ариутгал, халдваргүйтгэл хийж, гурван цаг ажиллажээ.

 

Уг бодис болон хөрснөөс дээж авч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид бодисын нэр төрлийг тодорхойлох, шинжлүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин