Шатахуун тээвэрлэж явсан хоёр автомашин осолдож есөн тонн дизель түлш асгарчээ
2021-02-26 10:33

Шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдсон хоёр осол өчигдөр /2021.02.25/ бүртгэгджээ 

 

Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /40 настай, эрэгтэй/, туслах жолооч  Сонгинохайрхан дүүргийн харьяат М /38 настай, эрэгтэй/ нарын жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байна. 

 

Тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг Онцгой байдлын болон цагдаагийн алба хаагчид элс асгаж цэвэрлэжээ. Харин 33 тонн дизель түлшийг автомашинд шилжүүлэн ачиж, иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ шатахуун тээвэрлэж явсан автомашины чиргүүл унасан тухай дуудлага мөн өдрийн 18:12 цагт цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн салбарын 15 ажилтан, нийт 24 хүн, 5 автомашинтай 19:03 цагт очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын чиглэлд иргэн Н-ийн жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины чиргүүл замын хажуу руу унасан байжээ.

 

Тус автомашин нь 4.8 тонн дизель түлш, 4.8 тонн АИ-95 бензин ачиж явснаас 4.8 тонн АИ-95 бензинийг автомашинд шилжүүлэн ачиж, асгарсан 3 тонн дизель түлшийг шороо, давс асгаж цэвэрлэсэн байна. 

 

Хоногийн дотор шатахуун тээврийн хоёр автомашин осолдсоны улмаас нийт есөн тонн дизель түлш асгарчээ. 

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Хятад Хово машин, хятад мотоцикль 2 хичнээн ч их гай гамшиг уй гашуу бидэнд авч ирэхийг хэн ч таашгүй. Эрчүүд минь өдөрт зүй бусаар хэдэн арваараа чимээгүй одсоор харь гүрний зөөлөн хүчний бодлого салбар бүрт идэвхижсээр л...
2021-02-26