Хонконгт вакцинжуулалт эхэллээ
2021-02-26

Хонконгт коронавирусийн халдвараас сэргийлэх олныг хамарсан вакцинжуулалт эхэллээ. Эхний ээлжинд ахмад настнууд, эмнэлгийн ажилтнууд, тээвэр, цагаачлал болон бусад албадын ажилтнууд үнэ төлбөргүйгээр вакцинд хамрагах юм байна. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, оршин суугчдыг цахимаар вакцинжуулалтын цаг авч бүртгүүлэхийг уриалж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 70 мянга орчим хүн цахимаар урьдчилан цаг авсан бөгөөд хоёр долоо хоногийн цаг хэдийнэ дүүрчээ. Харин Хонконгийн тэргүүн Кэрри Лам болон түүний танхимын гишүүдэд дугаар харгалзахгүйгээр коронавирусээс сэргийлэх вакцин тарьсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, олныг хамарсан вакцинжуулалт эхлэхээс өмнө Хонконгт тахлын нөхцөл байдал сайжирч эхэлсэн байна. Хонконгт цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 10927 бүртгэгдсэнээс 10461 хүн эдгэрч, 198 хүн нас баржээ. Энэ хотод хоёрдугаар сарын 18-наас спорт танхим, гоо сайхны салон, кино театр, цэнгэлдэх хүрээлэнгүүд нээгдсэн юм. Харин уушийн газар, шөнийн клуб, караоке, усан сангууд хаалттай хэвээр байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин